Фашист германы удирдагч Адольф Гитерийг 1945 онд амиа хорлож үхсэн болохыг шүдний нь хэсгүүдийг францын хараат бус шинжэээчид судалсны үндсэн дээр баттай тогтоосон байна. Эрдэмтэд 1946 оноос хойш улсын архивт хаалттай хадгалж байсан шүдийг авч шинжлэх зөвшөөрлийг өнгөрсөн 2017 онд авч шинжилсэн дүнгээ European Journal of Internal Medicine сэтгүүлд ийн нийтэлжээ.
Шинжээчдийн ахлагч профессор Филипп Шарлье шүдний энэ хэсэг нь үнэхээр фюрерийнх гэдгийг нотлоод зарим нэг эх сурвалжийн бичээд байдаг шиг Адольф Гитлер дайны дараа зугтаж бүр хожуу болтол амьд сэрүүн байгаагүй, 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд Ева Браунтайгаа Берлиний хоргодох байранд нас баржээ гэсэн байна. Фюрер цианид хор уугаад өөрийнхөө толгой руу буудсан гэдэг. Шинжилгээний явцад шүдэн дээр дарины ул мөр байхгүйгээс үзэхэд Гитлер ам руугаа буудаагүй, хүзүү юм уу, духандаа буудсан байх нь. Хиймэл шүдэн дээр цианид болон металлын хоорондох исэлдлээс үүдсэн хөх толбо байсан байна.
Үүнээс өмнө Адольф Гитлерийг шумбагч хөлгөөр Өмнөд Америк хүрээд Аргентинд амьдарч байгаад 1960-аад онд нас барсан гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр тарж байсан юм.