ОХУ-ын Эрхүү мужид жил бүр болдог модон баримлын “Лукоморье на Байкале” уралдаанд монголоос оролцсон Д.Цэрэнбат, Б.Базарсад нарын урласан “Нөхөрлөл” сийлбэр тэргүүлсэн бол Д.Лхагвасүрэнгийн “Төрөлх үнэр” баримал хоёрдугаар байрт шалгарсан байна. Харин гуравдугаар байрт оросын Санкт-Петербургийн сийлбэрч Матвей Макушкин, Семён Жохов хоёрын “Үнсэлт” бүтээл оржээ.
Оросын Эрхүү мужийн засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэн дэмжих зорилгоор найман жилийн турш зохион байгуулж байгаа модон баримлын эл уралдаан, симпозиумын бүтээл 200 гаруй баримал, сийлбэр үлдэснийг зөөвөрлөн Байгалийн төв замаас 49 км-т шилжүүлэн байруулжээ.
“Итгэл, найдвар, хайр” гэсэн сэдвээр зохион байгуулсан энэ жилийн уралдаанд Эквадор, Аргентин, Иран, Герман, Хятад, Бразил, Япон, Турк, Сири, Испани, Чили, Израиль, Өмнөд Солонгос, Бельги, Судан, Польш, Колумб, Иран улсаас ирсэн 32 баг оролцож уран бүтээлээ туурвилаа хэмээн http://snews.ru сайтад бичжээ.