Дэлхийн соронзон занга болон агаар мандал хучлагын гадна орчлонгийн сансрын туяа, хүнд хурдан нүцгэн цөмийн урсгал сансрын нисгэгчийг шүршдэг. Энэ нь тухайн сансрын нисгэгчийн биеийн ялангуяа уураг тархи, төв мэдрэлийн систем нейронд нөлөөлөн гэмтээх цаашлаад устгах аюултай. Тиймээс энэхүү аюулаас хамгаалах асуудал нь олон улсад онцгой хурцаар тавигдаж байна.
НАСА-гаас сансрын нисгэгчдийн Ангараг гараг руу аялаад буцаад ирэхэд түүнд шингээгдэх цацрагийн тунг тооцоолоход ойролцоогоор 600 млСиверт байсан нь сансрын нисгэгчдийн бие организмыг цацрагийн нөлөөнөөс хамгаалахад одоогийн хэрэглэж буй техник, өмсөж буй хувцас нь хангалтгүй гэдгийг харууллаа. Сонирхуулан хэлэхэд хэрэв бид шүдээ Рентген туяагаар харуулбал бидний биед 8 млСиверт тун, 520 өдөр задгай сансарт ажиллахад 239,6 млСиверт тун шингээгддэг. Иймээс олон улсын эрдэмтэд болон Insilico Medicine компанийн судлаачдын хамтарсан баг сансрын нисгэгчийг задгай сансарт ажиллах хугацааг уртасгах, Ангараг гарагруу аялахад тэдгээрийг хүнд, нүцгэн цөмүүдээс хамгаалах нэгэн шинэ боломжийг танилцуулсан байна.Энэхүү боломж нь нэмэлт эмийн тусламжтайгаар хүний эсийг цацрагаас хамгаалах, гэмтсэн хэсгүүдийн засварлах чадвартай генийг хүнд суулгах явдал юм.
Энэхүү судалгааг Харвардын их сургуулийн эмчилгээний сургууллийн профессор Давид Синклайрын удирдсан баг хийсэн бөгөөд судалгааны үр дүнд ДНХ-ын өөрийгөө засварлах чадварыг нэмэгдүүлдэг, хөгшрөлтийг удаашруулдаг эмийг гарган авчээ. Уг судалгаанд маш хүнд хэцүү нөхцөлд амьдрах, амьд үлдэх чадвартай Tardigrade (усны баавгай) ба Radiodurans бактериудыг судлан тэдгээрт хоёуланд нь ДНХ-г гадны маш хэцүү нөхцөлүүдээс хамгаалдаг ген байгааг илрүүлсэн байна. Энэ генийг тардигрейд гэж нэрлэн анх 2016 онд хүний эсэд оруулж Рентген туяагаар шарсан туршилтыг хийж гүйцэтгэсэн. Туршилтын үр дүнд ердийн үеэс 40%-аар бага тун шингээгдэж байгааг тогтоосон нь цаашид энэхүү генийг ашиглан хүний эсийг хамгаалах боломжтой гэдгийг харуулсан байна.
Зураг: Ангараг гараг дээр ажиллаж байгаа Сониуч тэнүүлчин төхөөрөмжөөр авсан зураг. 2018 оны 01-р сар
Дэлхийн тойрог замд орших цацрагийн тунг хэмждэг хиймэл дагуулын хийсэн хэмжилтээс үзэхэд сүүлийн дөрвөн жилд бүртгэгдсэн цацрагийн тунгийн нийт хэмжээ 30% аар өссөн нь ирээдүйн сансрын нисгэгчид одоогийнхоос илүү их цацрагийн орчинд ажиллана гэсэн дүгнэлтэд хүргээд байна. Тиймээс одоогийн сансрын нисгэгчийн хэрэглэдэг багаж хэрэгсэл, хувцас тоног төхөөрөмж нь хангалттай сайн хамгаалах боломжгүй болох тул генийн эмчилгээний арга бидэнд нэмэлт боломжийг бий болгох юм.