Монголбанк “Эдийн засаг тогтворжиж, хэвийн үеийн үйл ажиллагаанд шилжиж байна” гэж 2017 оны жилийн тайлангаа танилцуулах үеэр мэдээллээ. 2017 он бол Монгол Улсын макро эдийн засаг тогтворжиж өсөлт ажиглагдаж эхэлснээрээ онцлог байсан бөгөөд инфляци Төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж, ДНБ-ий өсөлт, зээлжих зэрэглэл, гадаад өрийн тогтвортой байдал төсөв болон төлбөрийн тэнцэл зэрэг олон үзүүлэлт эдийн засагт итгэх итгэл сэргэж, макро орчин сайжирсныг харуулж байна гэж тайланд дурджээ.
Санхүүгийн тайлангийн хувьд Монголбанк өнгөрсөн жилд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд үүний үр дүнд Төв банкны хуримтлагдсан алдагдлын хэмжээ 2.8 их наяд төгрөг болж буурсан болохыг тайланд хөндлөнгийн аудит хийсэн PricewaterhouseCoopers (PwC) компани баталгаажуулжээ. Хэдийгээр Монголбанкны үндсэн зорилго нь ашиг алдагдал бус, харин төгрөгийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал гэж хуулиар зааж өгсөн ч, Төв банк өндөр хуримтлагдсан алдагдалтай явах нь хараат бус байдалд нь сөргөөр нөлөөлж, үндсэн зорилтуудаа биелүүлэхэд эрсдэл үүсдэг болохыг олон улсын туршлага харуулдаг байна. Иймд эдийн засаг тогтворжиж, хэвийн үйл ажиллагаанд орохын хэрээр Монголбанк цаашид алдагдлыг өсгөхгүй байх, бууруулах боломжтой болохыг мэдээллээ.
Эдийн засгийн орчин тогтвортой үед хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэх, ажлын байр бий болох, иргэдийн цалин орлого нэмэгдэж тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийн суурь тавигдах боломжтой юм байна.