Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны нэгдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.0 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 137.6 (15.4 хувь) мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Үүнд цалин хөлсний орлого 52.3 (10.4 хувь) мянган төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 26.6 (38.7 хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэгдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 118.8 (12.6 хувь) мянган төгрөгөөр өсчээ. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 96.4 (13.8 хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ оны нэгдүгээр улиралд 967.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 73.8 (8.3 хувь) мянган төгрөгөөр өсчээ. Харин нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлагын хэмжээ 993.2 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 53.2 (5.7 хувь) мянган төгрөгөөр өссөн байна.
Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл /2018 оны нэгдүгээр улиралд/:
- 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 119.5 (13.4 хувь) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 66.9 (7.5 хувь) мянга,
- 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 127.5 (14.3 хувь) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 129.3 (14.5 хувь) мянга,
- 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 258.6 (29.0 хувь) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 269.4 (30.2 хувь) мянга,
- 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 70.5 (7.9 хувь) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 72.2 (8.1 хувь) мянга байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд дурджээ.
Сэтгэгдэл (1)