71 дэх удаагийн Каннын кино наадам тавдугаар сарын 8-ны өдөр Францын Номин эрэгт албан ёсоор нээлтээ хийсэн. Энэ сарын 19-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг наадамд “Бид хэд нэгдэл”-ийн “Хөхөө” богино хэмжээний кино оролцож байна.
“Бид хэд нэгдэл” нь Монголын “48 цаг” кино наадамд оролцон шилдгээр шалгарч, улмаар олон улсын “48цаг” кино наадам буюу "Filmapalooza 2018" кино наадамд оролцох эрхээ авсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрсөн уг наадмаар олон орны 157 кино өрсөлдөж манай залуусын “Хөхөө” богино хэмжээний кино "Шилдэг график" "Шилдэг багийн жүжиглэлт" "Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин" "Шилдэг кино" гэсэн төрлүүдэд нэр дэвшиж "ШИЛДЭГ ГРАФИК" номинацийн эзэн болсон байдаг. Ийнхүү шилдэг 14 киноны нэгээр шалгарсан “Хөхөө” кино "Канн 2018" кино наадмын бэсрэг киноны булан (Cannes du Short Film Corner)-д оролцох боломжтой болсон юм.
Яг одоо Каннын кино наадмын дэлгэцнээ монголын залуухан кино бүтээгчдийн “Хөхөө” богино хэмжээний кино гарч байгаа бөгөөд Монголоос “Бид хэд нэгдэл” багийн ахлагч Б.Болдбаатар, Л.Дашдооров нар оролцож байгаа юм байна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн гуравдугаар сард "Бид хэд нэгдэл" мөн 13 дахь удаагийн "Mobile Film Festival"-д 50 орны 1800 гаруй уран бүтээлтэй өрсөлдөн шилдэг 50-д багтсан амжилт үзүүлсэн. Улмаар уг наадмын зургаан номинацаас "Шүүгчдийн нэрэмжит", "Хамгийн олон хандалт авсан" гэх хоёр номинацын эзэн болсон билээ.
Сэтгэгдэл (4)