“Байр зарна, ипотекийн зээлэнд хамруулж өгнө...” Олон нийтийн сүлжээнд та ийм зартай үргэлж таарч байгаа байх. Орон сууцаа зарах, орон сууцанд орох гэсэн эрэлт нийлүүлэлтийг хангах гүүр болж буй ипотекийн зээл олголт тэгвэл ямар байна вэ?
Банкууд ихэвчлэн өөрийн санхүүжүүлсэн орон сууцанд зээл гаргаж байна. Нэг үеэ бодвол зээл авахын тулд танил тал арын хаалга хэрэггүй болсон. Хэрэв та ипотекийн зээлийн шаардлага хангаж байгаа бол шүү дээ. Харин хамтран зээлдэгчгүй, урьдчилгаа мөнгөгүй ч сар сардаа зээлээ төлөөд явах боломжтой хүмүүсийн хувьд “ипотек” хүртээлгүй хэвээрээ байгаа юм.
Ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа гэж Монголбанк болон Засгийн газраас мэдээлж буй ч арилжааны банкууд зээл олгохгүй байгааг иргэд олон нийтийн сүлжээнд бичжээ. Тиймээс төв банк худал мэдээлэл өгөв үү, иргэд өөрсдөө шаардлага хангаагүйгээс цуурхал тарааж байна уу гэдгийг сурвалжлахаар арилжааны банкуудыг зорилоо. Арилжааны банкууд өөрсдийн эрсдэлээ дааж тухайн сард хэчнээн харилцагчид зээл олгох эсэхээ өөрсдийн дотоод журам, шалгуурынхаа дагуу олгож байгаа гэв. Гэхдээ зөвхөн өөрийн эх үүсвэрийн буюу хамтран ажилладаг хотхон, хорооллын орон сууцнаас худалдан авах иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч байна.
ГОЛОМТ БАНК: Өөрийн санхүүжүүлсэн барилгуудад зээл олгож байна. Ингэхдээ “Асар” компанийн “Асар” орон сууц, “Тайм тү тайм” ХХК-ийн “Time tower” хотхон, “Зүүн хүрээ” шилтгээн хотхон, “Содон хороолол”, Яармагийн “Шинэ-Өргөө хороолол” зэрэг компаниудын орон сууцнаас худалдан авбал зээлийн хүсэлтийг хүлээн авч байгаагаа дуулгав.
ХААН БАНК: Зээл хэвийн олгож байгаа аж. Гэхдээ тус банкны санхүүжилттэй орон сууцанд зээл авбал илүү хурдан бүтэх боломжтой аж. Энгийн зах зээлээс байр авсан тохиолдолд шалгуур нь өндөр. Хаан банктай хамтран ажилладаг “Тайгам-Алтай”, “Өгөөмөр Монгол” ХХК, “Өгөөмөр бор Хужирт” ХХК, “Бэрэн групп” ХХК, “ Хурд” групп, “Талын язгууртан” ХХК, “Цог-Тулга” ХХК зэрэг компаниудын орон сууцнаас худалдан авбал иргэдийн зээлийн хүсэлт богино хугацаанд гарах гэнэ.
“ХАС БАНК”- Ипотекийн зээлийн материал хүлээн авч байна.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: Зөвхөн тус банкнаас санхүүжилт авсан барилгын компаниудаас сонгосон тохиолдолд л орон сууцны зээл олгож байна. Зээлдэгчийн хүсэлт дарааллын дагуу явагдаж байгаа учир удаашралтай байгаа аж. Хамтран ажилладаг барилгын компаниудын тухайд “Хурд” компанийн “Хүннү-2222”, “Гангар Инвест” ХХК-ийн “Ub Central Residence”, “Макс пропертиз” ХХК- ийн “220k Residence”, “Шинэ налайх хороолол”, “Жигүүр гранд” группийн “Park view”, “Jarden Residence”, “Баганат-Өргөө” ХХК-ийн “Баганат” хороолол.
ТӨРИЙН БАНК: Мөн л хамтран ажилладаг хотхон, орон сууцнаас худалдан авах иргэдэд ипотекийн зээл олгож байна. Энэ төрлийн зээлийг нийслэлд дөрвөн барилгын компанийн орон сууцанд буюу “Ариг бүрд” хотхон, “Central Apartment” хотхон, “Дэлгэрэх” хотхон, “Шинэ толгойт” орон сууцны хороололд тус тус олгож байна.
УЛААНБААТАР” БАНК: Зөвхөн харилцагч барилгын компани болох “Соnseal” tower хотхоны орон сууцанд зээл олгож байна.
Банкууд ипотекийн зээл хэвийн олгогдохгүй байгаа нь Монголбанкнаас сар бүр олгодог санхүүжилттэй холбон тайлбарлаж буй. Тиймээс Монголбанкны ОНБМТ-ийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаагаас тодруулахад тэрбээр “Журмын дагуу банкуудад ипотекийн зээлийн санхүүжилт сар бүр хэвийн олгогдож байгаа. Зээлийн санхүүжилт эргэн төлөлттэй уялдаж байгаа учраас зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээр арилжааны банкуудаас ирсэн зээлийн хүсэлтийн дагуу санхүүжилт хэвийн олгогддог. Тухайлбал энэ оны нэгдүгээр улиралд нийт 706 иргэнд 48.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон. Нэг зээлдэгчид дунджаар 78.3 сая төгрөг ногддог гэж ойлгож болно. Өнгөрсөн гуравдугаар сард 497 зээлдэгчид ипотекийн зээл шинээр олгосон. Тухайн сард нийт зээлийн 17.9 хувь нь орон нутагт олгогдсон. Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 90.7 буюу гурван их наяд 856 тэрбум төгрөг 80 мкв хүртэлх талбай бүхий орон сууц худалдан авахад зарцуулагдсан байна. Энэ оны тавдугаар сарын 4-нд Засгийн газраас 29.4 тэрбум төгрөгийг 424 иргэнд, Монголбанкнаас 233 иргэнд 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилт тус тус олгогдсон. Ипотекийн зээл зогссон эсвэл санхүүжилт нь олгогдохгүй байна гэсэн мэдээлэл нь ташаа болохыг мэдэгдэж байна” гэлээ.
Улаанбаатар хотод 381 мянган өрхийн 1,4 сая иргэн амьдарч байна. Нийт өрхийн 40 хувь нь инженерийн шугамд холбогдсон орон сууцанд, 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Нийслэлийн 252 мянган өрхөд орон сууцны хэрэгцээ байгаа ч дөнгөж 13 хувь нь арилжааны банкны шалгуурыг хангах талаар судалгаа гарчээ.
2013 оноос хойш хэрэгжүүлсэн ипотекийн зээл буюу найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг арилжааны банкуудаар олгож ирсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд 93 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдаж, 4.3 их наяд төгрөгийн зээл олгожээ. Гэвч зээлийн шалгуур иргэдэд хүртээмжтэй бус. Банкны шаардлагыг хангаж чадахгүй иргэд зээлд хамрагдаж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл 220 мянган өрх орон сууцны урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй, эсвэл орлогоо нотлох боломжгүйгээс ипотекийн зээлийн шалгуур хангахгүй байгаа юм.
Гэтэл зах зээлд 30 мянга орчим орон сууц эзнээ хүлээж байна гэсэн судалгаа бий. Үүнээс стандарт буюу энгийн орон сууц 26 мянга орчим, үлдсэн зургаан мянга нь тансаг зэрэглэлийн орон сууц байна гэж судалгаанд дурдагджээ. Ипотекийн зээлийн сангийн эргэлтийн хөрөнгө нэг их наяд төгрөг байж чадвал нийслэл, орон нутгийн иргэдийн ипотекийн зээлийн хэрэгцээг хангах боломжтой гэж үздэг ч эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан энэ оны улсын төсөвт 120 сая төгрөг суулгасан. Мөн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөр Монголбанкнаас сард хоёр удаа санхүүжилт арилжааны банкуудад олгож байгаа аж. Гэвч, орон сууцны зээлийн хүсэлтийг арилжааны банкууд хангаж чадахгүй байгаа нь барилгын салбарын бүтээн байгуулалтад ч сөргөөр нөлөөлж эхэлжээ. Ипотекийн зээл олголт нэг иймэрхүү л маягтай үргэлжилж байна.
Эх сурвалж:NEWS.MN