Хаврын тариалалтын үе ирж байна. Энэ онд хэчнээн га-д ямар ногоо тарьж, хэдэн га-д үр тариа тарих нь тодорхой болжээ.
Тодруулбал, улсын хэмжээгээр 408.9 мянган га-д үр тариа тарихаас 390.4 мянган га-д нь улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32.0 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийх юм байна.
Тариалалтын ажил энэ сарын 8-наас жигдэрч, 10-ны байдлаар улсын хэмжээгээр 34 мянган га-д үр тариа, үүнээс 33.9 мянган га-д улаанбуудай, 723 га-д төмс, 640 га-д хүнсний ногоо, 40 га-д тэжээлийн, 7930 га-д тосны ургамал, нийтдээ 43.3 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 8.3 хувь, төмс 4.6 хувь, хүнсний ногоо 7.5 хувьтай явагдаж байна.
Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу импортын 1 тонн элит үрийн худалдах үнийг 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 400 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 23.7 мянган тонн буудайн үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн урьдчилгаатай олгож байгаа юм байна.