Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдээр томилогдсон Ч.Хашчулуун, Ц.Батсүх, Ц.Мөнхбаяр нарыг өчигдөр хүлээн авч уулзжээ.
Монголбанкны тухай хуулиар Мөнгөний бодлогын хороо байгуулах тухай зохицуулалтыг тусгасан. Тодруулбал Мөнгөний бодлогын шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч давуу эрхтэйгээр гаргадаг байсныг өөрчилж, олон улсын жишгийн дагуу хамтын удирдлагын зарчимд шилжүүлснээр гишүүдийн оролцоо жигд хангагдахаар болж байгаа юм.
Хуульд зааснаар Мөнгөний бодлогын хороо долоон гишүүнтэй байх бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэнэ.
Мөнгөний бодлогын хороо нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэж байх ба жилд дөрвөөс доошгүй удаа хуралдах аж. Монголбанкны Ерөнхийлөгч, эсхүл хорооны гурваас доошгүй гишүүн санал гаргасан бол ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж байх юм. Мөн Мөнгөний бодлогын хорооны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулж байхаар хуульд зохицуулжээ.