Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байгаа билээ. Тэгвэл түүний 10 дахь тулаан энэ сарын 26-нд АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотод болохоор болсон. Түүний өрсөлдөгч Колумбын боксчин Оскар Эскандон юм.
Лос-Анжелос хотод бэлтгэлээ базааж буй Н.Төгсцогт бэлтгэл, бэлтгэл, бэлтгэл гэсэн цагийн хуваарьт оржээ. Түүний хувьд хэдийнэ эрчимжүүлсэн бэлтгэлдээ орсон байна. Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч хоёр ч холбооны аваргын бүс зүүж байсан туршлагатай тоглогч учраас тэрбээр эртнээс хянамгай бэлдэж байгаа аж.
“King Tug” Н.Төгсцогтын өрсөлдөгч Оскар Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпод оролцож байжээ. Тэрбээр 2008 оноос хойш мэргэжлийн рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, гурван удаа ялагдсан байна. “Дайчин” хочит Эскандон 2014 оны арванхоёрдугаар сард WBO-ийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байжээ.
Эдүгээ Эскандон BoxRec чансаагаар жиндээ 11 дүгээрт, Н.Төгсцогт 23 дугаарт эрэмбэлэгдэж байна.