Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд босоо яваа “King Tug” Нямбаярын Төгсцогт 2018 оны тавдугаар сарын 26-нд мэргэжлийн рингэнд 10 дахь тулаанаа АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотноо хийхээр болсон билээ.
Тэрбээр өмнөх 9 тулаанд бүгдэд нь ялалт байгуулахдаа наймд нь КО буюу нокаутаар ялсан манай Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь Колумбын боксчин Оскар Эскандон байх аж. Өдгөө 33 настай Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпод оролцож байсан бөгөөд 2008 оноос хойш мэргэжлийн бокс рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт /17 KO/ байгуулж, гурван удаа ялагджээ. Тэрбээр 156 см өндөртэй бөгөөд Төгсөөгөөс даруй 17 см намхан боловч гарын алд нь 168 см буюу манай хүнтэй яг адилхан байна. “EL GUERRERО” буюу “Дайчин” хочит Эскандон 2014 оны 12 дугаар сард WBO- ийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан юм. Эдүгээ Эскандон BoxRec чансаагаар жиндээ 11 дүгээрт, манай Төгсөө 23 дугаарт бичигдэж байгаа юм.
Калифорниа мужийн Лос Анжелес хотноо бэлтгэлээ базааж буй Төгсцогттой АНУ-д ажиллаж, амьдарч байгаа спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин уулзаж товч ярилцлага авсан байна.
-Тулаан болоход хэдхэн хоног үлдлээ. Бэлтгэл хэр хангагдаж байна?
Н.Төгсцогт:- Энэ тулаан урьд өмнөх тулаануудаас илүү сонирхолтой, их хүнд тулаан болох учир маш их бэлтгэл хийж байна. Бэлтгэл, бэлтгэл, бэлтгэл гэсэн хуваариар амьдарч байна гэхэд болно. Өрсөлдөгч маань чансаа өндөр, өмнө нь хоёр ч холбооны аваргын бүс зүүж байсан хүн. Тиймээс тун хянамгай бэлдэж байна. Өрсөлдөгчөө судлаж , тактикаа боловсруулсан, эрчимжүүлсэн бэлтгэлдээ ороод байна.
-Энэ удаагийн тулаан хэдэн раунд үргэлжлэх вэ?
- 10 раунд тулалдахаар товлогдсон
- Өнгөрсөн тулааны үеэр нарын бэртэл чинь эдгээгүй байсан тул тулааны өмнө сайн спарринг хийж чадаагүй гэж байсан. Бэртэл нь эдгэрсэн үү?
- Баруун гарын бэртэлттэй өмнөх тулааныг хийсэн. Бүүр гүйцэд эдгээгүй байгаа ч одоо гайгүй болсон. Спарринг хийж байгаа.
-За амжилт хүсье!
- Баярлалаа! Монголынхоо ард түмэнд урамтай сайхан тулаан үзүүлж, ялалтаар бэлэг барихыг хичээнээ.
“King Tug” Н.Төгсцогт – “ El Guerrero” буюу “Дайчин” Оскар Эскандон нарын тулааныг АНУ-ын FOX Sports 1 сувгаар шууд дамжуулан үзүүлэх юм.