Татварын байгууллага улсын төсөвт 3.2 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 3.8 их наяд төгрөг оруулжээ.
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь 7 хоногт татвар төлөгчдийн өдрүүд өрнөдөг. 19 дэх жилдээ тэмдэглэж буй энэ жилийн Татвар төлөгчдийн өдөр Татварын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал хийснээр эхэллээ.
Татварын ерөнхий газар энэ жил улсын төсвийг бүрдүүлж буй нийт татвар төлөгчиддөө талархал илэрхийлсэн мэндчилгээг цахимаар анх удаа илгээж буй аж.
Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал: “Татвар төлөгчдийн өдөр улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй татвар төлөгчиддөө талархал илэрхийлж тэднийг сурталчилж, нөгөө талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг татвар төлөхийг уриалсан арга хэмжээнүүд болдог.
Манай улсад энэ жилийн өдрүүдээр "Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ" уриаг дэвшүүлж 3 чиглэлийн ажил зохион байгуулна. Нэгд, татвар төлөгч бүх аж ахуйн нэгж, иргэдэд татвар төлсний талархал илэрхийлж хүргүүлнэ. Татвар төлөлт нь тухайн байгууллага, хүний нууц байдаг тул бид талархлыг цахим хэлбэрээр э-мэйл хаягаар хүргэнэ. Мөн аж ахуйн нэгж, иргэд www.etax.mn болонwww.ebarimt.mn хуудсаар орж талархлаа харж болно. Ингэснээр төлсөн татвараа олон нийтэд түгээх, сурталчлах боломжтой. Энэ эрх нь тухайн хүнд үлдэж байна. Өнөөдөр бүртгэлтэй татвар төлөгч 172.5 мянган хуулийн этгээд байгаагаас 58 мянга нь татвараа бүрэн төлсөн аж ахуйн нэгжүүд юм. Хоёрт, бид татвар төлөх сэтгэл зүй, сэтгэлгээг бэлдэж төлөвшүүлэх үүднээс татварын төрөл бүрийн сургалт явуулж байна. Өнгөрсөн хугацаанд БСШУСЯ-тай хамтран 518 сургуулийн 55.6 мянган хүүхэд залуус, 3500 оюутанд сургалт явууллаа. МҮОНТ-ээр 20 минутын татварын хичээл заахаар төлөвлөсөн. Гуравт, бид татвар төлөгчдөд мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлнэ” гэв.
Татварын өдрүүдийн хүрээнд тайлангаа хэрхэн илгээх, татварын үйлчилгээний талаарх шинэчилсэн мэдээллээр татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дээр очиж сургалт явуулах юм байна. Ямар сургалт мэдээлэл авах гэж байгаа талаараа татварын байгууллагад татвар төлөгчид хандах боломжтой аж.
Сэтгэгдэл (2)