Хүний бие нийтдээ 30-40 триллион эсээс бүтдэг байна. Харин эдгээр эсээс 3-4 дахин их тоо хэмжээтэй ашигтай бактери нарийн бүдүүн гэдсэнд сүлэлдэн оршиж эрүүл байх үйл явц өрнөнө. Хүний биед нийтдээ 100 триллион ашигтай бактери байдаг ба эдгээр бактери нь дотроо бүтэц, үүрэг үйл ажиллагааны хувьд олон төрөл. Нарийн, бүдүүн гэдэсний хучуур эсийн салстад эдгээр бактериуд өсөж үржин үйл ажиллагаагаа өрнүүлнэ.
Гэдэсний салст бүрхүүлд дархлааны эсүүд болон ашигтай бактери хоршин дархлааны урвал өрнүүлэх, дархлааны эсүүдийг зөв ялгаран хөгжих үүрэгтэйгээр ажилладаг байна. Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны судалгаа шинжилгээ нарийн, бүдүүн гэдсэнд дэхь дээрхи бактериудыг судлах тал дээр чиглэх боллоо. Харшил, таргалалт, дархлаа гээд эрүүл байх суурь нь гэдэсний бичил орчин хэвийн байх юм хэмээсэн үзэл баримтлал бий болоод байна.
Нэгэн жишээн дээр тайлбарлья. Харшил, аутоиммуны эмгэгтэй хүмүүсийн гэдэсний ашигтай бактерийг судлаад үзэхэд Clostridium bacterium -ийн хэмжээ илт буурсан нь тогтоогджээ. Энэ бактери буурах нь дархлааны эсүүдийн идэвхжлийг тэнцвэржүүлж байх Treg дархлааны эсийн ялгаран хөгжил буурдаг байна. Үүний дүнд илрэх сөрөг үр дүн бол дархлааны эсүүд харийн биетийг бус өөрийнхөө эд, эсийг харийн мэтээр хүлээн аван хэт идэвхжилд орсноор харшил, аутоиммунийн өвчин үүсч байна гэдгийг Японы эрдэмтэд тогтоожээ.
Clostridium bacterium нь хэвийн хэмжээндээ байсан үед өөрөөсөө мэдээлэл дамжуулах нарийн молекул ялгаруулж Treg дархлааны эсийг хэвийн ялгаран хөгжүүлдэг ажээ. Treg эс сайн ялгаран хөгжсөнөөр хэт мэдрэгшээд байгаа дархлааны эсүүдийг номонд нь оруулдаг болохыг тогтоогоод байна. Тэгвэл яагаад Clostridium bacterium хэвийн хэмжээндээ хүрч чадахгүй болоод байна вэ гэдэг сонирхол татна.
Одоогоор илрүүлээд байгаа нэг том шалтгаан нь зохисгүй хооллолт гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Clostridium bactrium -ийн дуртай хоолыг бид хүнсээрээ авч чадахгүй байх нь тэрхүү бактерийг цөөрүүлдэг ажээ. Ашигтай бактери маань өлсгөлөнд нэрвэгдэж устаж үгүй болоод байна гэсэн үг л дээ.
Clostridium bacterium -ийн дуртай хоол нь хүнсний эслэг гэдгийг шинжлэх ухаан нээж илрүүлсэн нь дээрхи эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх том алхам боллоо. Харин бид бүхэн хоол хүнснээсээ эслэгийг хэрхэн зохистой хэмжээнд авч байгаагаа эргэцүүлэн бодоод үзээрэй.
Хүний бие эрүүл саруул байх нь бидний өдөр тутам хэрэглэж буй идээ ундаатай шууд холбоотой болохыг орчин үеийн анагаахын шинжлэх ухаан улам бүр тайлж нотолсоор байна.
Сэтгэгдэл (4)