Найруулагч Г.Эрдэнэбилэг, Б.Баатар нарын хамтран найруулсан, бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Яллагч” уран сайхны кино таван сарын 2-ноос Улаанбаатар хотод бүх кино театруудаар гарч эхэлнэ.
“Яллагч” уран сайхны кино нь найруулагч Г.Эрдэнэбилэгийн бие даасан гурав дахь бүтээл бөгөөд үүнээс өмнө “Академи Авардс 2015”-ийн “Шилдгийн шилдэг уран бүтээл”-ээр шалгарсан “Аав”, “Үргээлэг-2” уран сайхны киног найруулж байсан юм. Мөн тэрээр шинэхэн уран бүтээлийнхээ ерөнхий продюсераар ажиллаж, гол дүр Галтын дүрийг бүтээжээ.
Галт бол уг киноны “Яллагч” бас “Ялагч” юм. “Яллагч” бүрэн хэмжээний уран сайхны киног 2 жилийн өмнө ОХУ-д болсон Андрей Каравайкины бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн. Киноны үйл явдал нь Солонгост 10 жил “хараар” ажиллаж, гэр бүлдээ, охин Сүүнтэргэлдээ бүхнээ зориулсан Галт гэртээ буцаж ирснээр эхэлнэ. Түүнийг онгоцны буудал дээр цовоо хөөрхөн охин нь биш харин уйлсан, цөхөрсөн эхнэр нь ганцаараа угтана. Монголын өнөөгийн нийгмийн бүхий л муу муухай бүхний өмнө хүчин мөхөсдөх эцэг хүний өвдөг нь сөхөрсөн ч сэтгэл сөхрөхгүйгээр бүгдийг өөрийнхөөрөө шийдэж, шийтгэнэ.
“Яллагч” киноны эсрэг дүрд УДЭТ-ийн жүжигчин С.Болд-Эрдэнэ тогложээ. Гаднаа сайн хүн мэт харагдах ч үнэндээ мөнгөөр бүхнийг шийддэг баян бизнесмэний дүрийг бүтээсэн ажээ. Харин киноны гол дүрд тоглосон Г.Маргад-Эрдэнийг бид УДБЭТ-ын гоцлол бүжигчин, балетчин гэдгээр нь сайн танина. “Цэнхэр нүдэн бүсгүй”-н Сванильдад гоцолсон бол “Дурлах санал” уран сайхны кинонд тоглож байсан тайз, дэлгэцийн туршлагатай бүжигчин, жүжигчин юм. Киноны бусад дүрүүдэд Э.Тодгэрэл, Ц.Алдармаа, О.Оюун, Д.Мөнхзул, Ш.Доржсүрэн нар тогложээ. Жүжигчин Ш.Доржсүрэнгийн дүрээр хүн хичнээн дордсон ч үр хүүхдээ, охин үрээ гэх сэтгэл ямар ч эцгийн дотор нуугдан байдгийг үзүүлсэн аж.
Найруулагч Г.Эрдэнэбилэг хэлэхдээ “Өнөөдөр хичнээн гэр бүлд эцэг, эх нь хол ажиллаж байхад тэднийгээ үгүйлэн, харж хамгаалах хүнгүй өсч байгаа хүүхдүүд байгаа бол? Манжийн дарлалд байхдаа ч манайхан ийм харалган байгаагүй. Бид киногоороо өнөөгийн нийгмийн хамгийн асуудалтай байгаа сэдвүүдийг хөндсөн. Хэдийгээр ОХУ-д болсон бодит явдлаас сэдэвлэсэн ч гэсэн энэ асуудлууд дэлхий нийтийн тулгамдсан, шийдэж чадахгүй байгаа асуудлууд юм. Уран бүтээлч хүний үүргээ гүйцэтгэлээ” гэсэн юм.
Уран бүтээлчдийн сэтгэлийн эмзэглэлийг дэлгэцнээ хэрхэн уран сайхны аргаар буухыг бүх кино театраар үзээрэй.