Хаврын дулаан өдрүүдэд хүмүүсийн сэтгэл уужирч, ажлаа тараад эсвэл амралтын өдөр иргэд гадуур алхахыг илүүд үздэг. Үүнтэй зэрэгцэн ил задгай зарагдах бараа, бүтээгдэхүүн эзнийхээ “эрэлд гардаг”. Цэцэрлэгт хүрээлэн, парк, болон аль ч худалдааны төвийн гадаа шорлог, өндөг, жимс, хүнсний ногоо, чихэр, ундаа тэргүүтэй бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалж байдаг. Бараг тухайн худалдааны төв байгуулагдсан цагаас эхлэн бий болсон ийм төрлийн бизнес одоог хүртэл амь бөхтэй оршсоор.
Өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж, зөвшөөрөлгүй газар, ил задгай худалдаа эрхлэхийг хориглосон. Гэвч ийм төрлийн худалдаа эрхлэгчид нэгдэн тэмцсээр дахин худалдаа явуулж, хадгалах хугацаа, горим алдагдсан, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүн зарж, нөгөө хэсэг нь худалдан авсаар байна. Баталгаагүй энэ хүнсийг хажуугийн худалдааны төвд хэдэн зуун төгрөгөөр хямд зардаг ч иргэд ил задгай борлуулж буй хэсгээс худалдан авдаг нь сонин.
200-300 ТӨГРӨГ НЭМЖ ЗАРДАГ
Амралтын өдөр “Бөмбөгөр” худалдааны төвийг зорив. Худалдааны төвийн хажууд, гүүрэн гарцын ойролцоо автобусны буудал байрлах агаад дэргэд нь ил задгай бүтээгдэхүүн борлуулж байлаа. Эгнэн суусан худалдагчдын захын эмэгтэй маск зүүж, хар өнгийн бээлий өмссөн байв. Хүмүүс тасралтгүй үйлчлүүлж байлаа. Ажиглавал хүмүүс түлхүү бохь, чихэр тамхи ширхэглэн авч байв. Мөн өөр нэг худалдаачин “Надад нэг цай хийчих” гээд аяга дохив. Эмэгтэй дэргэдээ байсан том халуун савтай цайнаас тэр аяганд хийв. Дөхөж очоод худалдагч эмэгтэйгээс бүтээгдэхүүнээ хаанаас авдгийг асуулаа. Хажууд байрлах худалдааны төвөөс бөөний үнээр авч, 200-300 төгрөг нэмж, зардаг гэнэ. Авсан бүтээгдэхүүн нь 2-7 хоноод дуусдаг гэнэ. Эмэгтэй үйлчлүүлэгч олонтой байсан болоод ч тэр үү “Өдөрт хэдэн төгрөгийн орлого олдог” зэрэг өөр зүйлд хариулахаас дургүйцэв. Энэ үед 4-5 насны хүүхэд дагуулсан эрэгтэй ирж өндөг, модтой чихэр авав. Залуу модтой чихрийг хүүхдэдээ задалж өгөөд, худалдагч эмэгтэйгээс давс сурч, өндөг дээрээ цацаад идлээ. Энэ хооронд хүү модтой чихрээ унагав. Аав нь “өө” хэмээн халагласнаа өнөөх чихрийг авч, хуруугаараа арчсанаа хүүхдэдээ эргүүлэн өгөв. 20 гаруй насны нэгэн залуу ирж таван ширхэг тамхи, хоёр ширхэг бохь авав. Түүнээс яагаад ил задгай зарж буй бараа авч буйг асуухад “Надад бүтэн тамхи авах мөнгө алга. Дотор ширхэгээр зарахгүй шүү дээ” гэлээ.
ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛДЭЭ ЯВАХАД ХҮНДРЭЛТЭЙ БОЛСОН
Үүний дараа “Хар хорин” худалдааны төвийг зорив. Захын үүдэнд, авто зам дагуу худалдаачид бараагаа дэлгэн эгнэн суужээ. Хэзээ, хэн өмсч байсан нь үл мэдэгдэх майжиг гутал, хэн хэрэглэж байсан нь тодорхойгүй халтар чихмэл, эмтэрхий шаазан, халуун тогооны таг, будаа агшаагчийн сав зэрэг хүн хэрэглэж байсан зүйлийг эгнүүлэн өржээ. Хэсэг ажиглаж зогсоход тэндээс худалдан авч буй хүн харагдсангүй. Харин хүний хөл тасрахгүй байлаа. Захад суугаа эрэгтэйгээс зарж буй зүйлээ хаанаас авдаг, өдөрт хэдэн төгрөгийн орлого олж, юунд зарцуулдгийг асуухад “Цуглуулдаг юм. Өдрийн орлого өөр өөр байдаг. Ганц, хоёр мянган төгрөгөөр зардаг болохоор өдөрт хоосон байдаггүй. Мөнгөөрөө дуртай юмаа авдаг” гэлээ. Тэр орчмоос ямар нэгэн таагүй үнэр ханхалж байв. Зөрж өнгөрөх хүмүүс дундаас тус хэсэгт оршин суудаг гэх эмэгтэйг түр “саатуулав”. Тэрбээр “Энэ хавиар хүүхдүүд хичээлдээ явахад хүндрэлтэй болсон. Хүүхэд гар утас, түрийвчээ дээрэмдүүлсэн хэд хэдэн тохиолдол гарсан. Эдгээр худалдаачид тойрч суугаад архи ууна. Зодолдоно, дээрэм хийнэ. Орцонд орж, архидна, бие засна” гэлээ. Ийм асуудал үүсэх болсон тул аргаа барсан оршин суугчид дүүргийн Засаг даргын тамгын газарт ханддаг гэнэ. Гэвч төрийн албан хаагчдын тавьж буй шаардлагыг худалдаачид үл тоон, үгээр доромжилж асуудлыг хүндрүүлдэг гэнэ.
20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЛАНГУУ ТҮРЭЭСЛЭХ САНАЛ ТАВЬСАН Ч ХҮЛЭЭЖ АВААГҮЙ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар өнгөрсөн оны наймдугаар сард дүүргүүдэд ажлын хэсэг гарч ил задгай худалдааг зогсоохоор ажилласан. Тус дүүгийн зүгээс эдгээр худалдаа эрхлэгчдэд боломж олгон “Барс” худалдааны төв болон III, IV хороололд метрийг нь 20 мянган төгрөгөөр лангуу түрээслэх боломж олгосон. Гэвч худалдаа эрхлэгчид үүнийг эсэргүүцэн суулт зарласан юм. Одоо тэдний орчинд хог хаягдал ихээр үүсч, халдварт өвчин үүсэх, тархах магадлал өндөр хэвээр байна. Мөн оршин суугчдын амар тайван амьдрах эрх зөрчигдөж, иргэд, сурагчид дээрэмд өртөх эрсдэл өндөр байна.
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН НЯНГИЙН ГАРАЛТАЙ ХОРДЛОГО ҮҮСГЭДЭГ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ил задгай зарагдаж буй бүтээгдэхүүнд өнгөрсөн онд шинжилгээ хийж, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хордлого үүсгэх магадлал өндөртэйг тогтоосон байдаг. Шинжилгээний дүнгээр хүнсний бүтээгдэхүүн болон түүнд хүрэлцэж буй эд зүйлсийн гадаргуугийн 58.5 хувь нь мөөгөнцөр, E.coli, гэдэсний бүлгийн савханцар зэрэг нянгаар бохирлогдсон байсан бол, худалдан борлуулагчдын гар, ажлын хувцас нь мөн E.coli, гэдэсний бүлгийн савханцраар 100 хувь бохирдсон дүн гарчээ.
Эдгээр бактериуд нь хүний биед нянгийн гаралтай хордлого үүсгэдэг юм байна. Хүрээлэн буй орчин нь тоосжилт ихтэй, явган хүний гүүрэн гарцын доор, нийтийн тээврийн хэрэгслийн зам дагуу, автобусны буудлын хажууд байрладгаас худалдаалагчид нь эрүүл ахуйн, ариун цэвэр сахих нөхцөл бололцоогүй, бүтээгдэхүүнийг аюулгүй хадгалах, худалдан борлуулах, тээвэрлэх нөхцөл хангаагүй зэрэг нь дээрх дүнгнэлтэд нөлөөлсөн аж.
Эрэлт байхгүй цагт ямар ч бизнес удаан оршин тогтнохгүй. Мэргэжлийн хяналт болон дүүргийн зүгээс ил задгай худалдааг цэгцлэх олон арга хэмжээ авдаг ч үр дүн гарахгүй, ил задгай худалдаа улам цэцэглэсээр. Тиймээс ил задгай зарагдаж байгаа зүйл худалдаж авалгүйгээр, эрүүл мэнд, цэвэр, аюулгүй орчны төлөө ил задгай худалдааг дэмжихгүй байцгаая.
Сэтгэгдэл (1)