-МАХНЫ ХОМСДОЛ, ҮНИЙН ХӨӨРӨГДЛИЙГ ДАРАХ ЗОРИУЛАЛТТАЙ НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРААГҮЙ БАЙНА ГЭВ-
Хаврын улиралд махны хомсдол үүсч үнэ хөөрөгддөг. Иймд ХХААХҮЯ-наас тэнгэрт хадсан махны үнийг тогтоон барих зорилгоор иргэдэд боломжийн үнэтэй мах санал болгодог билээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд иргэдэд тогтвортой, хямд үнээр нийлүүлэхээр бэлдсэн мах энэ сарын 10-наас худалдаанд гарсан билээ.
Нийт 11 аж ахуйн нэгжээр 13 мянган тонн мах бэлдүүлж, 140 гаруй цэгээр борлуулж байгаа гэх мэдээлэл бий. Үүнээс 24.1 хувь нь үхрийн, 40.8 хувь нь хонины, 35.1 хувь нь ямааны мах байна. Нөөцийн махыг долдугаар сарын 1-нийг хүртэл зах зээлийн үнээс хямдаар борлуулах төлөвлөгөө хөтөлбөр хүртэл боловсруулсан нь бий. Гэвч бодит байдал дээр өөр байгаа юм.
Нөөцийн мах шинэ махтай адил, тэнгэрт хадсан үнээр борлуулагдаж, үнэ нь өдөр хоногоор өссөн мэдээтэй байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар гэхэд хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.64 хувиар буюу 120 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байжээ. Хонины нэг килограмм мах дунджаар 7,375 төгрөг, үхрийн нэг килограмм ястай мах дунджаар 8,400 төгрөг, үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 10,260 төгрөг, адууны нэг килограмм ястай мах дунджаар 6,075 төгрөг, ямааны нэг килограмм ястай мах дунджаар 6,075 төгрөг байсан аж.
Бид Баянзүрх захын нөөцийн махны үнэ ямар байгаа талаар сурвалжиллаа. Хонины шинэ мах ястай, ясгүй 7300 төгрөг, хонины хуучин мах буюу зоорины мах 5000-6500 төгрөг, ямааны ястай шинэ мах 6000 төгрөг, үхрийн гуяны цул мах 9000 төгрөг, үхрийн ястай мах 8500 төгрөг, адууны цул мах 7500 төгрөг, адууны ястай мах 7000 төгрөгийн тус тус үнэтэй байлаа.
Нөөцийн мах яагаад ийм үнэтэй байгаа талаар борлуулагчдаас асуухад “Нөөцийн мах гараагүй байгаа шүү дээ. Эдгээр нь ихэвчлэн хувь хүний хадгалсан махан бүтээгдэхүүнүүд байгаа. Эндэхийн зарим худалдаачид хувь хүнээс худалдаж авсан шинэ махаа мэр сэр л борлуулж байна. Үүнтэй зэрэгцээд махны борлуулалт маш муу байгаа” хэмээн хариулцгааж байв
-ЯРГУЙ ИДСЭН ГЭХ ТОДОТГОЛТОЙ НАС ГҮЙЦСЭН ЭР ЯМАА
130 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-
Нөөцийн мах гараагүй ч хувийн лангуун дээрхээ шавхан зарж буй худалдаачдын үг ч оргүй биш аж. Учир нь “нөөцийн мах савлах уут хэвлэхэд техникийн саатал гарсан” гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Ийм асуудлаас болж хямд үнэтэй нөөцийн мах одоо болтол иргэдийн гар дээр хүрч чадахгүй байгааг эх сурвалж ч батлав.
Махны үнэ болон чанарын талаар иргэдийн сэтгэгдлийг сонсоход “Мах дэндүү үнэтэй байна. Нэг мөч авахад л 35-40 мянган төгрөг болж байна. Оронд нь 100 гаруй мянган төгрөгөөр ямааны мах авсан нь ашигтай” гэх мэт хариултууд өгсөн юм.
Нэгэн худалдан авагчийн хэлснээр, шинэ мах, нөөцийн мах ч үгүй лангуунуудын хэдэн ширхэг мах ийнхүү өндөр үнэтэй байгаа тул иргэд яргуй идсэн ямааны мах биед сайн хэмээн эрэлд хатдаг болжээ.
Бид “Эмээлт” захаас яргуй идсэн ямаа хэдэн төгрөгийн үнэтэй байгааг тодрууллаа. Нас гүйцсэн бүдүүн эр ямааг хамгийн өндөр үнээр буюу 130 мянган төгрөгөөр борлуулж буй бол нас гүйцсэн эр ямааныхаас доогуур үнэтэй байгаа аж. Борлуулалтын хувьд ч гайгүй сайн байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)