"BMW" компани бүхэлдээ цахилгаан технологиор хангагдсан "IX3" нэртэй автомашинаа танилцуулав
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бээжингийн авто үзэсгэлэн” өчигдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгч компаниуд нэг дор цугларан хамгийн сүүлийн үеийн технологийн шинэ дэвшлийг өөртөө агуулсан автомашинуудаа танилцуулсан.
Энэ удаад Германы "BMW" компанийн шинэ загварын кроссоверийг онцолж байна. Тодруулбал, энэ нь бүхэлдээ цахилгаан технологиор хангагдсан ухаалаг автомашины концепц "IX3" нэртэй автомашин юм.
"BMW"-ийн үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн "X3" машины үндсэн бааз суурийг түшиглэн бүтээсэн байна. Үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлсэн. Энэ автомашин BMW- И драйв системийн тав дахь үеийн цахилгаан хөтөчтэй. Цахилгаан хөдөлгүүр, дамжуулагч тоноглол болон цахилгааны систем мөн аккумлятор нь бүгд тус тусдаа тэжээлд холбогдсон. Энэ нь аюулгүй байдлыг хангахын тулд хийсэн ажил аж.
Компанийн талаас мэдээлснээр 70 киловатт цагийн батарейтай, 272 морины хүчин чадал гаргах чадвартай цахилгаан хөдөлгүүртэй юм байна. Батарей нь дүүрэн цэнэгтэй байхдаа 400 км гаруй зам туулах боломжтой. Үүнээс гадна тус автомашинд 150 киловатт цагийн хүчин чадалтай нөөцийн эрчим хүчний цэнэглэгч станцтай юм. Энэ нь хагас цагийн турш замын хөдөлгөөнд оролцох боломжийг олгодог байна.
Аэрдинамик их бие, дугуйны диск, радиаторын хосолсон элементүүд болон бусад тоноглолууд нь "X3" автомашины үндсэн үзүүлэлтээс илүү болж чаджээ. "BMW" компани 2025 он хүртэлх төлөвлөгөөнийхөө хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй болон холимог хөдөлгүүртэй нийтдээ 25 төрлийн загварын автомашин бүтээхээр зорьж байна.
Эдгээрээс гибрид хөдөлгүүртэй “i8 Roadster” автомашин түүчээ нь болж гараад байгаа юм. 2019 онд цахилгаан хөдөлгүүртэй МИНИ нэртэй автомашин бүтээнэ. Үүний дараагаар автомат жолоодлоготой "I Next" хүлгээ танилцуулна.