Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлснээр өнгөрсөн онд Монгол Улсын мобайл дата буюу 3G/4G хэрэглээ 51 хувиар өсчээ. Энэ нь ухаалаг гар утасны хэрэглээ манай оронд ихэссээр буйг харуулж байгаа хэдий ч дэлхийн хандлагыг харвал өөр дүр зураг ажиглагдаад байна.
Аппликейшн шинэ төрлийн бизнес загварууд бий болгосоор байна
Дэлхийн ухаалаг гар утасны зах зээл өнгөрсөн жил есөн хувиар буурсан. Зах зээлийн дүн шинжилгээ боловсруулдаг Strategy Analytics-ийн захирал Линда Сүйгийн хэлснээр энэ нь ухаалаг гар утасны зах зээлд өмнө үзэгдээгүй хамгийн том уналт. Учир нь Хятадын зах зээлд ухаалаг гар утасны эрэлт жилийн эцсийн дүнгээр 16 хувиар буурсантай шууд холбоотой бөгөөд гол шалтгаан нь хэрэглэгчдийг алмайруулах шинэ загвар хомс, хэрэглэгчдийн гар утсаа солих давтамж холдсонтой холбоотой аж.
Шинжээчдийн үзэж буйгаар ухаалаг гар утасны борлуулалт энэ жил ч дахин буурах хандлага ажиглагдаж байгаа бөгөөд зах зээлийн өсөлтийн урьдчилсан таамаг ердөө таван хувь байгаа юм. Өнгөрсөн жилүүдийн дундаж өсөлт 14 хувь байжээ. Мөн Олон улсын валютын сан өнгөрсөн мягмар гарагт гаргасан дэлхийн эдийн засгийн төлөвийн тайландаа “Уухаалаг гар утасны зах зээлийн өсөлт хязгаартаа хүрсэн” хэмээн онцолсон юм.
Google компанийн дэд захирал Марио Куэрошийн хэлсэнчлэн одоо үед зургийн чанар хангалттай сайн болсон учраас гол анхаарал ухаалаг гар утасны хийж чадах “ухаалаг” зүйлсэд чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл, ухаалаг утас хэдийнэ хүн төрөлхтний салшгүй хэрэглээ болсон бөгөөд үүнийг дагаад хурдацтай хөгжиж буй салбар нь гар утасны аппликейшн юм.
Аппликейшн буюу гар утасны хэрэглэгдэхүүн үйлчилгээ нь сүүлийн жилүүдэд бүхий л салбарт шинэ төрлийн бизнес загварууд бий болгосоор байна. Монгол Улсад л гэхэд зах зээлийг бүхэлд нь өөрчилж чадахуйц финтекүүд араасаа бий болж буйн нэг жишээ нь ЛэндМН. Үйл ажиллагаагаа эхлүүлээд ердөө 1.5 жил болж буй уг компани энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 475 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Нийт 40,456 тогтмол хэрэглэгч татаж чадсан уг аппликейшний бизнес загвар нь ердөө зээл олголтыг түргэн шуурхай, хялбар болгосон явдал.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд арилжааны банкууд гүйлгээг хялбарчлах төрөл бүрийн аппликейшн санаачлаад буй. Худалдаа хөгжлийн банкны Most Money, TDBPay, Голомт банкны Social Pay гэх мэт үйлчилгээ нь дийлэнх хөгжиж буй оронд тулгардаг мөнгөн гүйлгээний асуудлыг хялбараар шийдээд байгаа юм.
ФИНТЕК ХӨГЖСӨН Ч ТӨЛБӨРИЙН СИСТЕМ ХОЦРОГДСОН ХЭВЭЭР
Хэдийгээр дотоод, гадаад мөнгөн гүйлгээ маш хурдан, хялбар болсон ч Монголд ухаалаг гар утас хэрэглэдэг болон аппликейшн хөгжүүлдэг хүн бүрт тулгардаг нэн тэргүүний асуудал нь төлбөр тооцоо хийх. Монголд аппликейшн хөгжүүлэхээр оролдож байгаа хүмүүс төлбөртэй болгох талаар санаад ч хэрэггүй. Хэрэглэгчдийн дийлэнх нь хэрхэн худалдаж авах талаар ойлголт бараг л үгүй. Жишээ нь, Android хэрэглэгчид Playstore дээр дотоодын картыг холбох боломжгүйгээс гадна олон улсын карт холбоход ч нэлээд хүндрэлтэй тулгардаг. Энэ нь эргээд аппликейшн хөгжүүлэгчдэд багагүй хүндрэл үүсгэдэг. Гэтэл энэ бэрхшээл iOS хэрэглэгчдэд төдийлэн тулгардаггүй. Учир нь Apple хаяг нээхэд төлбөрийн сонголт баталгаажуулах шаардлага тавигддаг.
- Дэлхийн ухаалаг гар утасны зах зээл өнгөрсөн жил хамгийн ихээр унав.
- Олон нийт төлбөртэй аппликейшн худалдан авах хүсэлгүй, төлбөр тооцоо хийхэд хүндрэлтэй байдаг нь тулгамдаж буй асуудлын нэг.
- Мэдээлэл технологийн салбарын орлого 2017 онд 1.01 их наяд төгрөгт хүрсэн.
Гэхдээ iOS хэрэглэдэг хүн бүр төлбөрийн асуудлаа шийдвэрлэсэн гэвэл бас үгүй. Гар утасны албан бус худалдаанаас шалтгаалан албан бус Apple ID нээлгэх явдал цөөнгүй. Энэ талын мэдлэг, мэдээлэл иргэдэд хомс гэхээс илүү ухаалаг гар утасны төлбөрийн систем одоо хүртэл Монголд шийдэгдээгүйтэй холбоотой юм. Арилжааны банкууд дотоодын картыг Android, iOS-той холбоод өгчихвөл монголчуудад дөхөм байхсан. Ингэснээр аппликейшн хөгжүүлэгчдэд маш том боломж олгохоос гадна банкуудад аппликейшний гүйлгээгээр орлого нэмэгдүүлэх сэдэл болж өгөх юм.
УХААЛАГ ГАР УТСАНД СУУРИЛСАН ҮНЭГҮЙ АППЛИКЕЙШНҮҮД
Гаднын орнуудад сүүлийн жилүүдэд эрчээ аваад байгаа Uber, Airbnb зэрэг хуваалцах бизнесийн загвар Монголд ч мөн хэрэгжиж эхлээд байгаа ба үүний нэг жишээ нь UBCab юм. Уг аппликейшн нь Uber-ийн адилаар такси үйлчилгээг иргэдэд ойрхон, хялбар болгосноос гадна жолоочид ч илүү үр ашигтай үйлчилгээ санал болгодог. Ердийн такси дуудлагын үйлчилгээнээс ялгаатай нь таныг авахаар ирж байгаа жолоочийн байршлыг газрын зураг дээр бодит цаг дээр харах боломжтой төдийгүй аппликейшнийг ашиглан жолоочтой шууд холбогдож болно. Үүгээр ч зогсохгүй санал гомдлын үнэлгээний систем нэвтрүүлж өгсөн нь танд үйлчилж буй жолооч шударга, харилцааны соёлтой байх шалгуур болж өгдөг байна.
Тэгвэл үүний адилаар нийтийн тээврийн сүлжээг иргэдэд ойр болгож, автобусны байршлыг газрын зургаас шууд харах боломжийг UB Smart Bus аппликейшн олгодог. Автобусны буудлын байршил, маршрутаас эхлээд үнэ төлбөр зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг гар дороос авах боломжтой юм. Хэрэв дээр дурдагдсан асуудлыг шийдвэрлэж чадвал Tempo, Dynamics Business Analyzer зэрэг хурдан бөгөөд жижиг гүйлгээ шаардлагатай хуваалцах бизнесүүд цаашид Монголын зах зээлд нэвтрэх боломжтой болох юм.
Мөн бас нэг таатай мэдээ дуулгахад, мэдээлэл технологийн салбарын орлого 2017 онд 1.01 их наяд төгрөгт хүрсэн бол уг салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 173.2 тэрбум төгрөг. Үүний дийлэнх нь буюу 71.92 хувь нь дан ганц үүрэн холбоонд чиглэсэн байна. Хэдийгээр аппликейшн хөгжүүлэлтийн салбарт Монгол Улс туршлага нимгэн ч дээр дурдсанчлан амжилттай ажиллаж буй гаднын бизнес загварыг дотоодын зах зээлд тохируулан нэвтрүүлж чадвал уг салбараас хүртэх өгөөж чамгүй их байх болно.
Б.Төгсбилиг