Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д эхлэхэд 50 хоногийн хугацаа үлдлээ. Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн сонирхогч, фанатуудын хувьд түүхэн өдөр тохиож байна. Дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн шүтээн болсон 'Алтан дагина' буюу “Алтан цом” Монголын хөлбөмбөгийн талбайд хэсэг саатаж, 'Шангри-Ла' худалдааны төвийн нэгдүгээр давхарт заларлаа.
“Кока-Кола” компани Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой (ФИФА) хамтран зохион байгуулдаг “World Cup Trophy Tour” буюу Дэлхийн цомын аялалыг 2006 оноос эхлүүлсэн билээ. 21 дэх удаагийн ДАШТ ОХУ-д ирэх зургадугаар сард нээлтээ хийх бөгөөд энэхүү аялал өнгөрсөн оны есдүгээр сараас Москва хотоос эхэлсэн юм. Тухайн үед цомыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үдэн гаргаж байсан.
Зөвхөн ДАШТ-д түрүүлсэн баг болон тухайн орны Ерөнхийлөгч гар хүрдэг “Алтан дагина” буюу “Алтан цом” Улаанбаатарт ирлээ.
21 дэх удаагийн ДАШТ-ий “Алтан цом” дэлхийн 51 орноор зочлохоос Азийн 20-иод орон багтсан. Тэдний дунд анх удаа Монгол улс багтаж, хөлбөмбөгийн холбооноос мянга мянган хөлбөмбөгийн фэнүүддээ энэхүү ховор боломжийг олгож байна.
Хөлбөмбөгийн холбооны талбайд болсон арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зочилж, ФИФА-гийн төлөөлөгч нарт болон Хөлбөмбөгийн холбооны удирдлагууд, “Кока -Кола” компанийн хамт олонд тусгайлан баяр хүргэлээ.
Энэ үеэр спорт, урлагийн одод оролцсон “Оддын хөлбөмбөг” нөхөрсөг тоглолт болж, нээлтийн үеэр 21 морин хуурч, бүжгийн хамтлаг зочид болон үзэгчдийн сонорыг мялаасан юм.
“Алтан цом” 2006 онд 29 оронд зочилж, 175 мянган фанатууд оролцсон бол 2010 онд 84 оронд аялахдаа нэг сая, 2014 онд 90 оронд саатаж 1.3 сая хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хүслийг биелүүлж байжээ. Тэгвэл энэ жил таван тивийн 51 орны 63 хотод зочлох бөгөөд Монгол Улсад анх удаа саатлаа.
Монгол Улсын түүхэнд тохиох онцгой өдрүүдийн нэг болох “Алтан цом”-ыг өөрийн нүдээр харж, үнэ төлбөргүй дурсгалын зураг татуулах боломжийг “World Cup Trophy Tour” арга хэмжээгээр олгож байна. Хөлбөмбөг сонирхогч та найз нөхөд, гэр бүлийн хамт өнөөдөр 13:00-20:00 цагийн хооронд Шангри-Ла худалдааны төвийн нэгдүгээр давхарт саатахад болох юм.
“Алтан цом” өнөө орой Япон улсыг зорино.
Сэтгэгдэл (1)