Монгол Улсын агаарын хилээр хуурамч валют оруулж ирсэн иргэнийг саатуулан шалгасан байна. Истанбулаас ирсэн зорчигч, Монгол Улсын иргэн Н-ий гар тээшинд шалгалт хийхэд гаалийн мэдүүлэгт тэмдэглэгдээгүй 3100 ам.доллар гарчээ. Уг валютыг хуурамч байж болзошгүй хэмээн үзэж, валют шалгах машинд уншуулахад хуурамч болох нь тогтоогджээ. Иймээс иргэн Н-ийг харъяаллынх нь дагуу хуулийн байгууллагад шилжүүлсэн аж. Буянт-Ухаа дахь гаалийн шалган нэвтрүүлэх албанаас иргэдэд анхааруулга болгож, Монгол Улсын хилээр хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Хилээр нэвтэрч буй иргэн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулдаг бөгөөд таван сая төгрөг ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх гадаад валют, чектэй тохиолдолд гаалийн мэдүүлэг бөглөх журамтай аж. Түүнчлэн гүйлгээнээс хасагдсан мөнгөн тэмдэгтийг цуглуулгын журмаар тус бүрээс зохих нэгжээр нэг ширхгийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг юм.
Ө. Түмэндэмбэрэл