Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр Төр захиргааны Хангарди ордны хурлын зааланд боллоо.
Дуудлага худалдаанд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуй, орон сууц, амины орон сууц, аялал жуулчлал, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 89 га газрыг дуудлагаар худалдахаар зарлагдсанаас хоёр байршлын 1.09 га газрыг худалдлаа.
Өнөөдрийн дуудлага худалдаанд хоёр байршилд нийт дөрвөн санал ирсэн бөгөөд ХУД-ын 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд байрлах хоёр байршилд орон сууцны зориулалтаар 1.09 га газрыг нийт 138 сая төгрөгөөр Наранбулагхан ХХК худалдаж авлаа.
Дуудлага худалдааг Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны анхын үнийг хэт өндөр тогтоосон байсныг зах зээлийн үнэлгээнд ойртуулсан үнээр худалдсанаараа онцлогтой боллоо.
Тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай юм байна.