Эрүүл мэндийн яамын харъяа “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар”-ын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Нармандахаас Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн талаар тодрууллаа.
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар?
Энэ хуулийн зорилт нь эрүүл мэндийн албан журмын даатгалын зарчим, хамрах хүрээг тогтоож, Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хуулийн дагуу даатгуулж шимтгэл төлөх, даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, төр, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулдаг.
Иргэд Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийг худалдан авахын тулд хэрхэн хамрагдах боломжтой вэ?
Төр хариуцах иргэд болон, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг хэн ч хамрагдах боломжтой. Эрүүл мэндийн даатгалаар 16 төрлийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагатай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан авна. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан даатгуулагч-иргэн жилд эрүүл мэндийн даатгалын сангаас хоёр сая хүртэлх төгрөгийн тусламж үйлчилгээний хөнгөлөлт эдлэх эрхтэй.
Хөнгөлөлттэй эмийг хаанаас авах вэ?
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий бүх эмийн сангуудаар дамжуулан авна. Нийслэлийн хэмжээнд даатгалын гэрээ бүхий 300 гаруй эмийн сан байдаг. Даатгуулагч-иргэн оршин суугаа харъяа дүүрэгтээ байрлах даатгалын гэрээ бүхий эмийн сангуудаар үйлчлүүлнэ. Хөнгөлөлттөй эмийн жагсаалтад 818 нэр төрлийн эм байдаг ба эрүүл мэндийн даатгалаар 30-80 хувь хөнгөлөлт эдлэх боломжтой.
Гэр бүлийн гишүүд хоорондоо хоёр сая төгрөгийн хөнгөлөлтийн эрхээ шилжүүлэх боломжтой юу?
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд Гэр бүлийн гишүүн-даатгуулагчийн зардлыг шилжүүлэн тооцуулах журам гэж байдаг. Энэ журмаар зохицуулагдана. Шилжүүлэн тооцуулахыг зөвшөөрсөн гэр бүлийн гишүүн нь тогтоосон хугацаанд эрүүл мэндийн шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн байх гэсэн шаардлага байгаа. Төр хариуцах иргэн бол шилжүүлэн тооцуулах боломжгүй.
Иргэд нэмэлт мэдээллийг хаанаас авч болох вэ?
Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн мэдээллийг гэрээ бүхий эмийн сангуудаас үзэж болно. Эмийн сан нь энэ мэдээллийг иргэдэд ил тод хүргэх үүрэгтэй.
Мөн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Эрүүл мэндийн даатгалын лавлах үйлчилгээний утас 7010-1128
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэсэн фэйсбүүк хуудсаар орж танилцах боломжтой.
Legalinfo.mn хуулийн сайтанд “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль” гэж хайгаад мэдээлэл авах боломжтой.
Л.Мөнхнаран