“Тоглоомын түүх”, “Мангасууд болон Немогийн эрэлд” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээрээ Америкийн кино урлагт нэрд гарч яваа Пиксар фильм 1995 онд “Тоглоомын түүх” бүтээлээрээ хөдөлтгөөнт дүрсний гайхамшгийг үзүүлж, хүүхэлдэйн кинонд шинэ эргэлт авчирсан гэдэг.
Пиксар фильмээс “Бао” хэмээх Хятад баншны тухай өгүүлэх хамгийн богино хэмжээний киноны зураг авалтыг дуусгасан байна. Ганц бие амьдралдаа ихэд гутарсан нэгэн настай эмэгтэйн хийсэн банш нь амь орсноор аз жаргалтай амьдрал эхэлдэг. Агуулга нь энгийн агаад сэтгэл хөдөлгөм уг киног хятад гаралтай Доме Ши гэх Канад эмэгтэй найруулжээ.
Пиксар фильм албан ёсны вэб хуудасдаа “Канад дахь Хятад иргэдийн цагаачлалын холбооны сонирхол татам дүр зургаар дамжуулан эх үрийн хоорондын харилцааны олон талт ээдрээт асуудлыг харуулахыг зорьсон” хэмээн онцолжээ.
Настай эмэгтэй ээж болсондоо туйлын баяртай боловч “банш охин” нь өдрөөс өдөрт өсөн торниж амьдралын баяр гунигтай асуудлуудтай тулгарч буйгаар кино өрнөдөг.
Найруулагч Ши-ийн ээж мөн л Канадын цагаач иргэн байсан бөгөөд Баншхан киноны соёлын зөвлөхөөр ажилласан байна. Найруулагч ээжийнхээ баншны чимхэлт хийцийн гайхамшгийг кинондоо харуулжээ. “Баншхан” кино Пиксар фильмийн Ази дахь хамгийн анхны эмэгтэй найруулагчийн бүтээсэн хөдөлгөөнт богино хэмжээний хүүхэлдэй болж байгаа юм байна.
Л.Мөнхнаран
Эх сурвалж: BBC