Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд (2018.04.7-8) АНУ-ын Айова хотод болно. Энэхүү тэмцээнд ДАШТ-д үзүүлсэн амжилтаараа шилдэг найман баг өрсөлддөг. Иран, ОХУ-ын баг тодорхой шалтгааны улмаас оролцох боломжгүй болж Энэтхэг, Монголын баг уригдсан юм. Дэлхийн цомын “А” хэсэгт АНУ, Гүрж, Япон, Энэтхэг, “В” хэсэгт Монгол, Азарбайжан, Казахстан, Куба улс багтсан.
Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн таван тамирчин ОХУ-ын Сочи хотод хоёр орны хамтарсан бэлтгэлээ хийгээд АНУ-ыг зорьсон бол үлдсэн тамирчид Улаанбаатараас шууд ниссэн. ОХУ-ын шигшээ багтай хийсэн хамтарсан бэлтгэлд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Золбоо, Б.Батмагнай нар багтсан юм.
Дэлхийн цомд оролцох ёстой байсан ОХУ-ын багт тус улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас виза өгөөгүйгээс болж, багагүй асуудал үүссэн юм. Тиймээс Дэлхийн бөхийн холбооноос Монгол, Энэтхэгт оролцох боломжийг олголоо.
Тэмцээний өмнө АНУ-ын бөхийн холбооны вэбсайтад Монголын багийг тусгайлан онцолжээ. Хэдийгээр өнгөрсөн онд Парист болсон ДАШТ-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр ганцаараа хүрэл медаль хүртэж байсан билээ. Монголын багийн эрэгтэй тамирчид сүүлийн таван жил дараалан Дэлхийн цомд өрсөлдөх гэж байна. Энэ удаа 2015, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр тэргүүтэй Монголын баг тамирчдын амжилтыг дэлгэрэнгүй танилцуулжээ. Манай багийн бүрэлдэхүүн хүчтэй бүрэлдэхүүнтэй байгаа бөгөөд АНУ-ын бөхийн холбооны сайтад онцолсон мэдээллийг https://www.teamusa.org-с уншина уу.
Монголын багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д С.Ганбаяр, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д ОУХМ Г.Идэрхүү, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар багтсан.
Манай эрэгтэй бөхчүүд Дэлхийн цомын тэмцээнд 10 дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017 онд зургадугаар байрт шалгарч байв.
Дэлхийн цомын тэмцээн маргааш 'А' хэсгийн Энэтхэг, АНУ, 'В' хэсгийн Монгол, Казахстаны тоглолтоор эхэлнэ. Барилдаан Улаанбаатарын цагаар 21:00 цагаас болно.
'ДЭЛХИЙН ЦОМ'-ЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ
4-р сарын 7
- 21.00 АНУ – Энэтхэг (Mat A) - Монгол – Казахстан (Mat B)
- 22.15 Япон - Гүрж (Mat A) - Азербайжан - Куба (Mat B)
- 01.00 Нээлтийн ажиллагаа
- 01.30 АНУ – Япон (Mat A)
- 03.30 Монгол - Куба (Mat B)
- 04.45 Энэтхэг - Гүрж (Mat A) - Азербайжан - Казахстан (Mat B)
4-р сарын 8
- 21.00 АНУ - Гүрж (Mat A) - Монгол – Азербайжан (Mat B)
- 22.15 Энэтхэг – Япон (Mat A) - Казахстан – Куба (Mat B)
- 23.30 5-р байрны төлөө барилдаан (Mat A) - 7-р байрны төлөө барилдаан (Mat B)
- 01.15 Хүрэл медалийн төлөө барилдаан (Mat A)
- 03.00 Алтан медалийн төлөө барилдаан (Mat A)
Сэтгэгдэл (1)