Өнгөрсөн шөнө Apple компани мобайл үйлдлийн систем iOS-ийнхоо 11.3 хувилбарыг зах зээлд гаргалаа.
Уг хувилбарт олон шинэ зүйл багтаж байгаагийн нэг чухал хэсэг нь “Battery Health” буюу баттерейныхаа эрүүл мэндийг хянаж зохицуулах тохиргоо юм.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Apple компани хуучирсан баттерейтай iPhone утасны ажиллагааг эрсдлээс хамгаалахын тулд зориуд удаашруулдагаа хүлээн зөвшөөрч, энэ нь хүмүүсийн дунд маргаан үүсгэж байв. Тухайлбал баттерей нь элэгдэж хуучирсан утас заримдаа гэнэт унтардаг нь програмын оргил ачааллыг дийлэхгүй болсны шинж тэмдэг юм. Ингэж унтруулахгүйн тулд Apple програмын аргаар ажиллагааг нь зориуд удаашруулж, ачааллыг хуваан зохицуулдаг байв.
Харин энэ 11.3 хувилбарын шинэчлэлээр ийм зохицуулалтыг Apple дангаар шийдэхгүй, хэрэглэгчид өөрөө шийдэх боломжийг олгож байгаа юм.
Үүнтэй танилцахын тулд эхлээд iPhone утасныхаа Settings->General->Software Update хэсэгт нэвтэрч iOS 11.3 хувилбарыг суулгана.
Суулгах ажиллагаа дууссаны дараа Settings->Battery хэсэгт нэвтрэхэд “Battery Health (Beta)”гэсэн сонголт нэмэгдсэн байгаа.
Энэ хэсгийн “Maximum Capacity” хэсэгт уг iPhone утасны баттерей хэр багтаамжтай байгааг харуулна. Хэрвээ шинэ, шинэвтэр бол 100% гэсэн тоо харагдах юм.
Харин хэр удаан ашиглаж байгаагаас хамаараад хуучин гар утаснууд дээр 100-аас бага хувьтай харагдана. Эндээс та баттерейгаа солих болсон үгүйгээ мэдэж болох юм. Хувь хэмжээ бага байх тусам гар утасны ажиллагаанд муу нь ойлгомжтой.
Харин хоёр дахь мөрөнд “Peak Performance Capability” гэсэн хэсэг бий. Хэрвээ баттерейн эрүүл мэнд хэвийн биш бол үүний дор “Disable” гэсэн хөх өнгийн холбоос ил гарсан байх юм.
Үүнийг дарж идэвхжүүлснээр та удирдлагыг гартаа авч, баттерейныхаа чадлыг шавхтал утасаа ажиллуулна гэсэн үг.
Хэрвээ хэвээр үлдээвэл Apple компани утасны оновчтой ажиллагааг зохион байгуулж, гэнэтийн унтрах гэх мэт үзэгдлээс хамгаалах юм.
Харин Apple-ын зохицуулалтыг “Disable” хийснээр таны iPhone утас ачааллаа даахгүй болох үедээ гэнэт унтрах, зарим аппликэшнийг ажиллуулахад удах, чанга яригчийн дуугаралт сулрах, камерны гэрэл заримдаа ажиллахгүй болох зэрэг эрсдлүүд тохиолдож болно.
Уг боломж нь зарим хэт өндөр шаардлагатай хэрэглэгчийн хүсэлтээр бий болсон тул дундаж хэрэглэгч аль болох “Disable” тохиргоогоор оролдохгүй байх нь зөв юм. Баттерейн элэгдэл нэмэгдсэн бол шинээр солиулсан нь дээр гэж зөвлөж байна.