Монгол Улсын эдийн засаг тийм ч таатай биш байна. Хөрөнгө санхүүгийн бэрхшээл нүүрлэж, бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орчихлоо. Энп тэндээс зээл тусламж хүсч, өр тавих замаар өдөр хоногийг аргацаасаар. Тулгарч байгаа бэрхшээл саадыг хэрхэн давах гарц, гаргалгааг дор бүрнээ эрэн сурвалжилсаар байгаа ч дорвитой шийдэлд хүрэхгүй яваа.
Тэгвэл энэ сарын 28-ны өдөр Төрийн ордонд Монголын эдийн засгийн найм дахь удаагийн чуулган болох юм байна. Өмнөх чуулгануудыг нэг үе шаттай зохион байгуулдаг байсан бол энэ удаагийн эдийн засгийн чуулганыг хоёр үе шаттай хийхээр төлөвлөжээ.
“Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор болох эхний шатны чуулганаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулах аж.
“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг. Засгийн газар бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгох зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулсан.
Татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангах, олон улсын татварын тогтолцоотой өрсөлдөхүйц байлгахыг зорьж буй аж.
Монголын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар хувийн хэвшлийнхнээс гаргасан саналыг төсөлд тусган, УИХ-д өргөн барих юм байна.
Эдийн засгийн чуулганыг таван салбар хуралдаанаар мөн Уул уурхай ба үр өгөөж, Түлш, утаа, түгжрэл, шийдэл, Тогтвортой хөдөө аж ахуй - Хөгжлийн тулгуур, Хувьчлал ба шинэчлэл, Аялал жуулчлал ба агаарын тээврийн либеральчлал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.
Монголын эдийн засгийн чуулганы хоёрдугаар шатыг тавдугаар сарын 21-22-нд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хэлбэрээр зохион байгуулахаар тогтжээ.
Сэтгэгдэл (1)