Австралийн баруун бүсэд дэлхийд хамгийн томд тооцогдох ланд арт уран баримлын үзэсгэлэн бий. Ил задгай байгаль дээрх уг уран баримлын үзэсгэлэн нь Баруун Австралийн төв Пертээс арваад километрийн зайтай орших Коттесло хэмээх далайн эргийн хотод байдаг ажээ.
Коттесло далайн эргийн цагаан элс, тунгалаг усаараа алдартай бөгөөд нар жаргах агшны гайхамшгийг үзэж болох дэлхийн 10 том далайн эргийн нэг гэгддэг байна. Коттеслод 14 жилийн турш далайн эргийн уран баримлын наадам болж буй бөгөөд уг ил задгай үзэсгэлэн нь дэлхийд хамгийн том, хамгийн алдартай уран баримлын үзэсгэлэнгийн нэгд тооцогдох болжээ.
Энэ сарын 2-ноос 19-нийг хүртэл үргэлжилсэн ээлжит үзэсгэлэнд 18 орны уран бүтээлчдийн 73 уран баримлыг дэлгэн тавьж, 200 мянга орчим хүн үзэж сонирхсонбайна. Далайн эргийн үзэсгэлэнг зохион байгуулагч Давид Хандри орон нутгийнхан болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдад урлагийн бүтээлүүдийг сонирхуулах зорилготой ажиллаж байгаа гэдгээ онцолжээ. Түүний хэлснээр 2004 оноос хойш Энэтхэг, Хятадын уран бүтээлчид уг үзэсгэлэнд амжилттай оролцож байгаа гэнэ. Зохион байгуулагчид нь цаашид олон улсын уран бүтээлчдийг үзэсгэлэндээ хамруулахыг зорьж байгаа аж.
Уран баримлын олон улсын наадмыг зохион байгуулах замаар улс хоорондын соёлын харилцаа болон ард иргэдийн солилцоог гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэж Австралийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Рей Сийх ярьсан байна.
Энэ жилийн далайн эргийн баримлын үзэсгэлэнгийн онцлох бүтээлийн нэг нь Хятадын уран барималч Жань Ваны “Хөвмөл чулуу” хэмээх баримал гэнэ. Хоёр метр өндөр, дөрвөн метр өргөн зэвэрдэггүй ган хийцтэй авангард уран баримлыг далайд хөвж байхаар тооцож бүтээсэн нь ихээхэн өвөрмөц болжээ. Жань Ван дэлхийд алдартай авангард уран барималч бөгөөд АНУ-ын “Метрополитан” музейд уран бүтээлийг нь үүрд хадгалсан Хятадын анхны уран бүтээлч юм байна. Түүний “Хөвмөл чулуу” баримал далайн ёроолд хадаастай анхны хөвөгч уран баримал болжээ. Уг бүтээлийг үзсэн жуулчид санаанд багтамгүй, гайхамшигтай, галзуу бүтээл гэх мэтээр тодорхойлжээ.
http://sculpturebythesea.com/cottesloe-2018-exhibition-video/