Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгуулсан Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд хамрагдан хоёр жилийн хугацаатай хүүгүй, барьцаагүй 10.000.000 төгрөгийн зээл авсан иргэний ярилцлагыг хүргэж байна. Б.АРИУНСАНАА: ХӨЛБӨМБӨГ, ИОГИЙН ГЭХ МЭТ СПОРТЫН ЦҮХНҮҮДИЙГ УРЛАЖ БАЙНА
Энэ удаад бүх зүйл цэгцтэй байхыг бэлгэдсэн “Цэгц” спорт цүнх үйлдвэрлэгчийг танилцуулж байна.
Хоёр жилийн өмнө нөхрийнхөө сонирхлоос санаа авч, ажлаа эхэлсэн Б.Ариунсанаагийн бизнес өөрийн бүтээгдэхүүн, ажлын байртай болтлоо өргөжжээ.
-Анх хөлбөмбөгийн пүүзний цүнх урлаж байсан гэсэн. Яагаад заавал ийм бүтээгдэхүүн гэж?
-Хоёр жилийн өмнө ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох санаа хайж эхэлсэн. Нөхөр маань сонирхогчдын багт хөлбөмбөг тоглодог байсан юм. Мөн дулаарахаар дугуй унадаг учраас цүнхний хэрэглээ их л дээ. Юу хийж болох вэ гэж бодож явтал нөхөр маань хөлбөмбөгийн шипиний цүнх оёвол ямар вэ гэв. Тухайн үед оёход амархан юм байна гэж бодоод хийж үзсэн.
Ингээд л фанатуудад зориулаад дэмждэг багийнх нь лого, тоглогчийн нэр, дугаартай хийж байлаа. Сарын дотор 50 гаруйг хийсэн. Ингээд фэйсбүүк хуудас нээж, түүгээрээ борлуулж эхэлсэн. Тухайн үед хүргэлт хийхэд төвөгтэй байсан учраас спорт барааны “Олимпус” дэлгүүрийнхэнтэй бүтээгдэхүүнээ борлуулах талаар ярилцсан юм. Тэд дэмжиж, хоёр салбарт нь худалдаалж эхэлсэн. Цүнхээ Их дэлгүүрт борлуулахыг хараад баярлаж байлаа.
Нягтлангийн ажил стресс ихтэй ч цалин нь сайнгүй. Тийм болохоор өөрийн бизнестэй болж, түүнийхээ төлөө зүтгэе гэж бодсон. Зах зээлд хөлөө олтлоо хэцүү байх нь мэдээж.
-Цүнхээ оёхдоо агаар нэвтрүүлэх талаар харгалзаж хийсэн үү?
-Эхэндээ бодоогүй юм. Лого, дугаарыг гол үнэ цэнээ болгосон. 2017 оны тавдугаар сард Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд анх сургалтад сууж, харилцагч боллоо. Бүх сургалтуудад нь сууж, олон зүйл мэдэж, бүтээгдэхүүнээ хөгжүүлж эхэлсэн. Хөлбөмбөг, йогаар хичээллэдэг хүмүүстэй уулзаж, уут, цүнхнийхээ юуг нь сайжруулахыг хүсэж байна гэдгийг мэдсэний дараа цүнхээ сайжруулсан юм. Хөлбөмбөгийн багуудаас судалгаа авсан. Тамирчдын цүнхийг харж, юу нь дутагдалтай, яаж сайжруулбал тэдэнд илүү хэрэгтэй бол гэх мэтийг асуун, цүнхнийхээ шипи хийх тасалгааг агаар нэвтрүүлдэг болгосон.
-Хоёр жилийн өмнө хийж эхэлсэн шипиний уут ямар ямар бүтээгдэхүүнийг “араасаа дагуулав”?
-Байгууллагын семинарт зориулсан захиалгын уут, урдаа шипи хийдэг, агааржуулалттай, нурууны хэсэгтээ гар утсаа хийх боломжтой хөлбөмбөгийн үүргэвч, шипиний цүнх, ариун цэврийн хэрэглэл, чихэвч, цэнэглэгчний уут оёж байна. Мөн йогийн цүнхний хоёр загвар, фитнесийн эрэгтэй, эмэгтэй цүнх гаргахаар ажиллаж байна.
Цүнхэн доторх зүйлсийг цэгцтэй байлгах нь бидний нэг зорилго. Тиймээс спорт цүнхэндээ жижиг уутнууд дагалдуулъя гэж бодсон. Жишээлбэл, хөлбөмбөгчдөд зориулсан үүргэвчинд гутлаа хийх жижиг уутыг, эмэгтэй фитнесс йогийн цүнхэнд ариун цэврийн хэрэглэл, чихэвч, залгуур хийх жижиг уутнууд дагалдана.
Спортоор хичээллэдэг залуус их хөлрөмтгий. Бэлтгэлийн дараа гутал нь их хөлстэй болж, цаашлаад эвгүй үнэр орох магадлалтай. Тиймээс цүнх, дан уут нь агаар нэвтрүүлэх хэсэгтэй байх хэрэгтэй. Спорт болгон өөрийн онцлогтой, өөрийн тоноглолтой. Уламжлалт цүнх тэр болгон тохирч, хэрэглээнд нь тохирдоггүй.
-Нөхөр тань хөлбөмбөг тоглодог гэхээр анхны худалдан авагчдаа төвөггүй олжээ?
-Нөхөртэй маань хамт тоглодог залуус миний анхны худалдан авагчид. Дараа нь фэйсбүүк хуудсаар дамжуулаад фанат залуус зорьж ирдэг байсан. Дэмждэг багийнхаа логоны дор нэрээ бичүүлнэ. Бас багуудад өөрийн нэрээр захиалж хийлгэх боломжтой.
-Үнийг нь танилцуулбал?
-Йогийн цүнх 65, хөлбөмбөгийн үүргэвч 55 мянган төгрөгийн үнэтэй. Жижиг хэрэгслийн буюу чихэвч, залгуур, ариун цэврийн хэрэглэлийн уут 3500 төгрөг.
-Бүтээгдэхүүнээ хаана худалдаалж байна вэ?
-Олимпус спорт барааны дэлгүүр, Эко маркет, arag.mn, mmarket.mn цахим хуудсаар худалдаалдаг. Борлуулалтын сувгаа нэмэхээр ажиллаж байна.
-Нягтлан бодогч мэргэжилтэй гэж байсан. Анхны бүтээгдэхүүн амархан байсан гэлээ. Харин одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүнтэй болсон. Тэдгээр нь бас нарийн ажиллагаа ихтэй юм. Оёдлын талаар хаанаас суралцсан бэ?
-Эмээгээсээ сурсан юм. Эмээ маань их уран хүн байсан. Багадааа эмээдээ юм оёход нь тусалдаг байсан. Загварын хувьд бусад цүнхийг судалж, таалагдсан загвараа өөрийн онцлогтоо тохируулан өөрчилдөг. Гэртээ оёдог хоёр ээжтэй хамтран ажиллаж байна.
Анх би энэ төслийг бичиж байхдаа зөвхөн өөрийгөө л нэмэлт орлоготой болгоё, өрхийнхөө орлогыг нэмэгдүүлье гэж бодсон. Өөр хүмүүсийг ч орлоготой болгосондооо их баяртай байдаг. Хүүхдээ хардаг ээж нар тохирсон ажлаа хийн, орлоготой болж байгааг нь харах их сайхан.
-Шинээр бизнес эрхэлж буй хүмүүсийн хувьд анхны хөрөнгө оруулалт чухал шүү дээ. Оёдлын, логоны машинаас эхлээд ажлын байр түрээслэх гээд зардал багагүй. Хэрхэн шийдэв?
-Анхны 50 бүтээгдэхүүний материалын зардлаа өөрөө гаргасан. Ажил хийдэг байсан учраас цалингаасаа зарцуулсан. Сарын хугацаанд 50 цүнх оёод дэлгүүрт байрлуулаад орхичихсон. Аль багийн логотой цүнх илүү зарагдаж байгааг мэдэхгүй байсан учир идэвхжүүлэлт хийх боломжгүй байв.
Тухайн үед би “Хөгжлийн шийдэл” ТББ-ын хэрэгжүүлдэг “YBM” төслийн сургалтад суусан юм. Тэндээс Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төсөл хэрэгжүүлж байгааг мэдсэн. Ажилтай учраас ер очиж амждаггүй. Тэгээд жилийн өмнө зориг гаргаад ажлаасаа гарсан. Шууд л Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд очлоо.
Хоёр сарын турш тасралтгүй бүх сургалтад нь суусан. Ингээд долдугаар сард тэндхийн ажилтан шиг л бүтэн сар сууж төслөө бичсэн. Сарын дараа “Дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубатор” хөтөлбөрт тэнцэв. Энэ хугацаанд их зүйл сураад зогсохгүй, 4.2 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан. Мөн сая төгрөгийн чадавхжих сургалт авах боломжтой болсон. Бөхлөгч, шулуун оёдлын машин, лого буулгах пресс, уурын индүү ч авлаа. Мөн өөрт хэрэгтэй чиглэлээр ментор сонгож, жилийн хугацаанд зөвлөгөө авах боломж олгосон. Миний ментор бизнесийн зөвлөх хүн байдаг, борлуулалтын талаар их зөвлөгөө өгч, намайг чиглүүлдэг. Одоо “Урлах эрдэм” дээд сургуульд ганцаарчилсан технологийн сургалт авч байна.
Өмнө нь бизнес болгочихвол зүгээр санаа гэж бодож явснаас биш, яаж эхлүүлэх, хийх аргаа олохгүй байсан. Спорт цүнх үнэхээр хүмүүст хэрэгтэй юу гэдгийг ч мэдэхгүй явсан. Анхны сургалтад суугаад багшдаа санаагаа хэлэхэд багш Ливерпүүлийн фанат байж таараад, их дэмжсэн. Сургалтаар би хэрэглэгчээ ойлгох, бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлэх, судалгааг яаж авах гээд олон зүйл сурсан.
-Өнөөдрийг хүртэл санаагаа ажил хэрэг болгохоор зүтгэж байхад юу хамгийн хэцүү байв?
-Алхам тутамд шийдвэр гаргах шаардлагатай болдог. Шийдвэр гаргах, санхүүжилт татах их хэцүү байсан. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрөөс тоног төхөөрөмжөөр хангасан ч үйл ажиллагаа явуулах гэтэл эргэлтийн хөрөнгө дээр гацчихсан. Тэгээд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газраас зохион байгуулсан, Баянзүрх дүүргийн гарааны бизнесийг дэмжих тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч, улмаар нийслэлд долоон дүүргээс шалгарсан багуудын гурван долоо хоногийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдсан юм. Дараа нь хоорондоо дахин өрсөлдөн, хоёрдугаар байранд шалгарснаар хоёр жилийн хугацаатай хүүгүй, барьцаагүй арван сая төгрөгийн зээл авсан.
Ингээд өнгөрсөн гуравдугаар сард ажлын байртай болсон. Дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв бага түрээстэй ажлын байраар дэмждэг. Гарааны бизнес эрхлэгчид инэг дор их хэмжээний хөрөнгө оруулалт хийх чадваргүй. Бид ч тэгж л эхэлсэн. Гэртээ туршилтын бүтээгдэхүүнүүдээ хийгээд, эсгүүрээ оёдолчдодоо тарааж эхэлсэн юм. Гэр бүлийн хүн маань их түшиг болдог. Түүх судлаач мэргэжилтэй ч гарын ур дүй сайтай учраас нөхөр маань эсгэж, би оёдог байв. Хамгийн анх 200 торны захиалга авсан юм.
-Та олон төрлийн сургалтад тасралтгүй хамрагдсаар байна. Сургалтад суухын давуу тал юу вэ?
-Алдаа гаргахаас сэргийлдэг. Мэдэхгүй бол алдаа гаргана, түүнийгээ засах гэж цаг алдана. Ингэж яваад шантарна. Би Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд ирээгүй бол, инкубатор хөтөлбөрт хамрагдаагүй бол шантраад энэ ажлаа орхих байсан. Сургалтуудын ачаар би санаагаа бизнес болгож чадсан. Шантрах, больё гэх үе байсан ч олон хүнээс шалгараад дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрт хамрагдсан нь хөшүүрэг болсон. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн ч чадаагүй хүмүүс олон байсан, олон хүн итгэл хүлээлгэсэн учраас ухрах замгүй, хичээх л хэрэгтэй гэж бодсон. Намайг харж байгаа олон байгууллага бий. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санаачлагаар БНСУ-ын Койка байгууллагын санхүүжилттэй Азийн сан, Хөгжлийн Шийдэл ТББ, МҮХАҮТ, Голомт банктай хамтран хэрэгжүүлж буй Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв гээд л. Тэгэхээр буцах зам байхгүй.
Хүн бүрд л ямар нэг бизнес санаа төрдөг. Түүнийгээ бодоод л байлгүй турших хэрэгтэй. Тэгэхээр хэрэглэгчид хэрэгтэй юм уу, хэрэгтэй бол юуг нь сайжруулахыг хэлээд өгдөг. Дээр нь ямар нэг зүйл хийе гэж бодвол сургалтад заавал хамрагдах хэрэгтэй. Шинэ арга барилд суралцаж байх нь чухал.
Та “Цэгц” спорт цүнхний талаар дэлгэрэнгүй мэдээллийг 88951669 дугаарын утсаар авах боломжтой.
Эх сурвалж: Р.Адъяасүрэн | GoGo.mn
Сэтгэгдэл (12)