Өнөөдөр бол олон улс даяар яруу найргийг магтан дуулах тэмдэглэлт өдөр. Энэ өдрийг 1999 онд ЮНЕСКО-гоос батлан, аливаа ард түмний соёл, бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж, тасралтгүй шинэчлэгсэн хөгждөг “Яруу найргийн өдөр” болгон тунхаглажээ.
Монголын утга зохиолынхон ЮНЕСКО-оос зарлан тунхагласан уг өдрийг халуун дотно хүлээн авч, жил бүрийн гуравдугаар сарын 21-нд яруу найргийн олон төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай. Монголын Соёл Яруу Найргийн Академи дэлхийн яруу найргийн өдрийг угтан олон ажил хийдэг. Үүний нэг жишээ нь Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн яруу найргийн номыг “Монгол шүлэг” нэртэйгээр англи хэлнээ орчуулан гаргасан явдал юм. Мөн яруу найргийн өдрийг угтаж Монголын Соёл Яруу Найргийн Академи нийт найрагч, зохиолчдын хамт жил бүрийн гуравдугаар сард Дүнжингарав уулын Цэцээ гүн оргилд авирах болжээ.
Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн яруу найргийн үг хэллэг нь гүн гүнзгий утга агуулга болон хэзээд хуучрашгүй сургаалийн шинжийг агуулдаг бөгөөд Их хүмүүн Б.Ренчин "Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, чин зоригт дээдсийн минь өв их эрдэнэ" хэмээн эх хэлнийхээ яруу сайхан магтан хэлсэн байдаг.
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” хэмээн хэлсэн байна. Энэ нь утга зохиол бол өөрийн үзэл бодол дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх боломжтойг онцолж буй хэрэг билээ.
ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрт шүлэг яруу найргийн баримтат өвүүдийг бүртгэн авч хадгалдаг бол хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд мөн шүлэг яруу найргийн бүтээлийг бүртгэн авдаг. Хамгийн сүүлд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд хүлцэл тэвчил, харилцан ойлголцолын талаар бичсэн Ливан улсын эртний Ал-Зажал хэмээх шүлгийг бүртгэн авсан байна.
Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг үе үеийн яруу найрагчиддаа болон яруу найраг сонирхогч бүх хүмүүстээ хүргэе!