“Монголын Нууц Товчоо” түүхэн бүтээлээс сэдэвлэсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн энэ сарын 31-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Энэхүү бүтээл нь дэлхийн стандартад нийцсэн 2D болон 3D хосолсон Монголын анхны бүрэн хэмжээний анимэйшн юм.
Дэлхийн алдарт "Walt Disney" компаний формат чанарт бүрэн нийцсэн уг анимэйшнийг “Ocean Pictures” студи 5 гаруй жилийн хугацаанд гүйцэтгэсэн байна. Кино уран бүтээлчид "Чингис хааныхаа жинхэнэ түүхээр бичиж найруулсан анхны уран бүтээл" гэж албан ёсны сайт дээрээ тодорхойлжээ. “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн киноны тухай гадны сайтуудад "Монголын түүхийн талаарх хамгийн үнэн, гайхалтай бүтээл. Дэлхийн зах зээл тэдэнд нээлттэй байна" хэмээн онцолсон байна.
Кино багийнхан "Монголын Нууц Товчоо"-нд гардаг бүхий л бодит газар очиж 2 жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийн, "Чингис Хаан" анимэйшнд тухайн газар, байгалийн зураглалыг бүрэн тусгахыг зорьжээ. Шинэ уран бүтээл, анимэйшн киноны "Ээжээ би харьж явна" дууг Хөсөгтөн хамтлаг бүтээсэн байна.
Энэхүү бүтээлийн албан ёсны трэйлерийг хүлээн авна уу.