ОХУ-ын Екатеринбург хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 34 орны 251 тамирчин өрсөлдснөөс манай улсын баг тамирчид 1 алт, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа 4-р байранд шалгарсан байна.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-н жинд барилдсан Ц.Цогтбаатар тэмцээний А хэсэгт багтан барилдаж Португалын Х.Фернандез, Тажикстаны Б.Хожазодаг буулган аваад хэсгийн аваргын төлөө Казахстаны Ж.Смагуловыг хожсон. Ингээд хагас шигшээд АНЭУ-ын В.Сквортовыг буулган аваад шигшээ барилдаанд Армений Ф.Караптианыг вазари үнэлгээгээр хожиж алтан медаль хүртжээ. Энэ нь Ц.Цогтбаатарын Их Дуулга тэмцээнээс хүртэж буй анхны алтан медаль болж байна. Ц.Цогтбаатар энэ оны 2 сард зохиогдсон Парисын Их Дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. Тэгвэл энэ оны 2 дахь Их Дуулга тэмцээндээ оролцож аваргын алтан медалийг анх удаагаа зүүж байна. Түүний өрсөлдсөн 73 кг-н жинд Риогийн олимпийн 66 кг-н аварга Италийн Фабио Базиле, олимпийн хошой хүрэл, ДАШТ-ний 3 удаагийн аварга Японы шилдэг жүдочин Эбинүма Масаши нарын шилдэг бөхчүүд зодоглосон.
Мөн манай улсаас барилдсан Г.Алтанбагана 90 кг-н жинд хүрэл, эмэгтэй 48 кг-н жинд барилдсан Г.Наранцэцэг хүрэл медаль, 57 кг-н жинд барилдсан Д.Сумъяа хүрэл медаль хүртсэн байна. Олимпийн мөнгө, ДАШТ-ний алтан медальт Д.Сумъяа гавьяатын хувьд энэ он гарсаар анхны Их Дуулга тэмцээндээ оролцож хүрэл медаль хүртлээ. Тэрээр хэсгийн аваргын төлөө Японы Момо Тамаокид ялагдсан. Гэсэн ч дагах барилдаанд Орос болон Унгарын бөхчүүдийг буулган авч хүрэл медаль хүртжээ.
Сэтгэгдэл (3)