Өчигдөр 76 насандаа таалал төгссөн Стивен Хокинг нь зөвхөн дэлхийн хэмжээний физикч байгаад зогсохгүй хүн төрөлхтөний ирээдүйн хувь заяанд хамгийн их санаа зовогчдын нэг байсан юм.
Тэрээр хиймэл оюун ухааны хөгжил, капитализм, цаг уурын өөрчлөлт гээд нийгэм, улс төрийн олон асуудлын талаар үзэл бодлоо байнга илэрхийлдэг байсан.
Хокинг 2016 онд буюу одоогоос хоёр жилийн өмнө Reddit сошиал сүлжээнд Америкийн иргэдтэй ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулж байжээ. Энэ нь түүний Reddit сүлжээнд үлдээсэн сүүлчийн бичвэр байв.
Тэрээр хүмүүсийн ажлын байрыг роботууд булаахын үр дагаварыг дараах байдлаар тайлбарлажээ.
“Технологийн автоматжуулалт хүн төрөлхтөнд сайхан амьдрал бэлэглэх боломжтой ч хэрвээ бид хайхрамжгүй хандвал баялгийн тэгш бус хуваарилалтыг гүнзгийрүүлж, ихэнх хүмүүсийн амьдралыг зовлонд унагах магадлалтай. Хэрвээ роботууд бидэнд хэрэгтэй бүх зүйлийг үйлдвэрлэж эхэлбэл уг баялгийг хэрхэн хуваарилахаас үр дүн нь хамаарна. Ингэж үйлдвэрлэсэн баялгийг тэгш хуваарилбал бүх хүмүүс элбэг хангалуун амьдарна. Харин роботыг эзэмшигчид баялгийн хуваарилалт дээр лобби хийвэл байдал эсрэгээр эргэх юм. Одоогийн чиг хандлагаас харвал хоёр дахь хувилбар биелэлээ олж, баян хоосны ялгааг технологи улам дэвэргэхээр байна” гэж Хокинг бичжээ.
Тэр бас хиймэл оюун ухааны хөгжлийн талаар бичихдээ “Хиймэл оюуны жинхэнэ эрсдэл нь түүний муу хорон санаанд биш, харин гүйцэтгэх өндөр чадварт байгаа. Супер хүчтэй хиймэл оюун нь ямар ч ажлыг төгс гүйцэтгэнэ. Хэрвээ энэ ажил нь бидний хүсэж байгаа зүйл биш бол бид аюултай тулгарна” гэжээ.
Тиймээс Хокинг хиймэл оюуны учруулж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх дэлхий нийтийн бодлого, зохицуулалт гаргахыг уриалдаг эрдэмтдийн нэг байсан юм. Түүнтэй Илон Маск зэрэг нэртэй бизнесмэнүүд бас санал нийлдэг байжээ.