Монгол Улсын гавьяат жүжигчин, Дуурийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин өчигдөр орой хойд хөршийн зүрх Москвагийн алдарт Их театрын тайзнаа “Nemico della patria”-г хоолойн цараагаар хүч түрэн дуулж , “Браво” хэмээх Олон улсын нэр хүндтэй шагналыг гардан авчээ. Мэргэжлийн уран бүтээлчдэд олгодог “Браво” шагнал нь ОХУ-ын Соёлын яам тэргүүтэй олон байгууллага хамтран санаачилж, “Роснефть” компани санхүүжүүлэн, Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдийг хамруулан олгож байхаар түрүү жилээс хэрэгжүүлж эхэлсэн шагнал юм.
Нийтийн ба мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн Олон улсын шүүгчдийн үнэлгээгээр тодруулан шагнаж байх уг шалгаруулалт уран бүтээлчийн ур чадварыг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойлдгоороо бусад шагналаас ялгаатай гэгдэж байгаа. Тухайлбал, уран бүтээлчийн цомгийн борлуулалт, тоглосон жүжгийн тасалбарын борлуулалт зэрэг үзүүлэлт онцгой байр эзлэх ёстой гэдгийг шүүгчид анхнаас нь зарлаж байсан билээ. Сонирхуулахад “Браво” шагнал гардуулах ёслол 10-11 гэсэн хоёр үдэш дараалан болсон бөгөөд эхний өдөр рок поп урлагт олон жил амжилттай ажиллаж яваа Английн алдарт рок дуучин, энэ жил 73 настай Род Стюартад дээрх шагналыг гардуулжээ. Эхний шагналыг 10-ны орой Кремлийн ордонд гардуулсан бөгөөд Английн Хатан хаанаас “Рыцарь” хэмээх нэр хүндтэй шагналыг 2 жилийн өмнө хүртэж “Сэр Родерик” нэртэй болсон Род Стюарт тун их баярлаж байгаагаа дуулгаж, өөрийн алдартай дуунуудаасаа сонирхуулсан нь жинхэнэ сюрприз болсон гэнэ.
Оросын хэвлэлүүдэд бичиж буйгаар “Браво” шагналыг Орос орны зүрх Москваг дэлхийн соёлын төв байлгах зорилгын хүрээнд бий болгосон гэсэн. “Браво” шагнал гардуулах ёслолыг Оросын болоод гадаадын 150 мэдээллийн хэрэгсэл сурвалжилж мэдээллийг дэлхий нийтэд түгээжээ.
Дашрамд сонирхуулахад түүнийг дуурийн эх орон Итали даяар дуурийн “Маэстро” хэмээн өргөмжилдөг ажээ. Энэ нь ч учиртай. Тэрбээр 2018 он гарангуут нэгдүгээр саырн 12-21-нд Италийн Режио ди Парма хотын театрт алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг амилуулсан. Э.Амартүвшин “Маэстро”-г дуулж эхлэх мөчөөс төгсгөл хүртэл үзэгчид амьсгалаа хураан түүнийг сонсдог талаар Италийн хэвлэлүүдэд байнга мэдээлж байсныг түүний гэр бүлийн хүн нь Монголчууддаа цаг тухайд нь дуулгаж байсан. Дуурийн эх орон болох Италийн үзэгчид түүний дуу, хоолойны өнгө, Риголеттогийн хэлэх үг, мэдрэмж, бодол хүслийг дамжуулж буй тайзны өвөрмөц эрхэмсэг хөдөлгөөнийг бишрэн шүтдэг гэнэ.
Ийнхүү Монгол Улсын гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшин өчигдөр орой Москвагийн Их театрын тайзнаа ОХУ-ын Ардын жүжигчин энэ цагийн дуурийн эмэгтэй дуучдын оргил болсон Анна Нетребкотой зэрэгцэн нэр хүндтэй “Браво” шагналыг гардан авч, дэлхийн хэмжээний “Дуурийн од” болсноо бахархалтайгаар зарлан тунхаглалаа.
Д.Түвшин
Сэтгэгдэл (4)