Өөрийн чадлаар хөрөнгөжсөн дэлхийн хамгийн чинээлэг хатагтай Опра Уинфриг энэ долоо хоногийнхоо “Дэлхийг өөрчлөгч эрхмүүд” цувралаар онцолж байна. Бага, залуудаа хүнд хүчрийг туулж, ажлын талбарт гарсан хойноо ч арьс өнгөөр ялгаварлал, бэлгийн дарамттай нүүр тулсан ч бууж өгөлгүй тэмцсээр ирсэн Опра нь дэлхийн хамгийн нөлөө бүхий өнгөт арьс эмэгтэй юм. Ингээд сэтгүүл, медиа группийн магнат Опра Уинфринтэй танилцана уу.
Товч намтар
Тэрээр 1954 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр АНУ-ын Миссиссипи мужид ядуу гэр бүлд төрсөн. Түүнийг төрсөн дариуд нь эцэг эх нь санхүүгийн асуудлаас болж хоёр тийш болсон бөгөөд жижиг ферм ажиллуулдаг эмээ дээрээ бага насаа өнгөрөөжээ. Санхүүгийн хүндрэлээс болоод цэцэрлэгт явж чадаагүй боловч хоёр настайгаасаа л уншиж сурсан гоц авьяастай нэгэн байжээ. Бага сургуулийн нэгдүгээр ангид ордог жилдээ гоц сайн сурагч байсны улмаас шууд гуравдугаар ангид дэвшин суралцаж байв. Гэсэн ч 12 настайд нь эмээ нь өөд болсноор ээж аав хоёрынхоороо ирж, очин амьдардаг болсон аж. Ээжийндээ байхдаа хэд хэдэн удаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд 14 настайдаа жирэмсэлж, хүүхдээ төрүүлсэн ч жил бололгүй өөд болсон. Үүний дараа ээж нь түүнийг аав руу нь явуулжээ.
Тэрээр өсвөр насныхаа хүнд жилүүдийн “авралын од”-ыг аавыгаа хэмээн хэлдэг бөгөөд хатуу чанга аав нь түүнийг өдөр болгон шинэ ном уншиж, үгсийн сангийн нууцлагдмал таван үг хэлж өгөхгүй бол оройн хоол ч өгөхгүй тохиолдол байсан гэнэ. Аавынх нь дүрэм журам түүнд харин ч сайнаар нөлөөлсөн бөгөөд сургуулийн зөвлөл, драмын клубын идэвхтэн, онц сурлагатан байсан учраас 1971 онд Тенниссэн их сургуулийн тэтгэлгийг авч оюутан болжээ.
Их сургуулийн эхний жил тэрээр сургуулийнхаа хоёр ч миссийн тэмцээнд түрүүлсэн бөгөөд, түүнд “CBS” телевизэд ажиллах урилга ирсэн байна. Дөнгөж нэгдүгээр дамжааны оюутан Опра ажилд биш, хичээлдээ илүү анхаарах хүсэлтэйгээ илэрхийлж урилгаас хоёр удаа татгалзсан ч жилийн дараа буюу гурав ах саналыг нь хүлээн авч 19 настай оюутан байхдаа мэдээний хөтлөгчөөр ажиллах болсон юм.
Их сургуулиас төгссөн хойноо тэрээр орон нутгийн гурван ч телевизэд ажилд орсон боловч, удалгүй халагдчихаад байв. Бүр түүний хөтөлдөг өглөөний нэвтрүүлэг үзэлтээрээ хамгийн доор ордог байсан юм. Эдгээр бүтэлгүйтлийг тэрээр өнгөт арьстайгаа хамааруулж тайлбарладаг бөгөөд тухайн үед түүнийг хүлээн зөвшөөрдөг хүн байгаагүй хэмээн дурссан байдаг.
Гэсэн ч тэрээр бууж өгөлгүй тэмцсээр Чикаго орон нутгийн телевизийн өглөөний хөтөлбөрийг 1984 он гэхэд 100 мянган үзэгчтэй болгож, хамгийн сүүлийн байрнаас нэгдүгээрт хүрсэн хар арьстай анхны хөтлөгч болсон юм. Ийнхүү түүний амжилтын гараа эхэлж хэд хэдэн кинонд тоглосон бөгөөд Стевин Сигалын “The Color Purple” киноны дүрээрээ Оскарын наадамд ч нэр дэвшиж байв.
Тайлбар
1986 онд алдарт “The Oprah Winfrey Show” – аа үүсгэн байгуулж, хэвлэлийн магнат болох үүд хаалга нээсэн юм.
Түүний нэвтрүүлэг хорин жилийн дотор буюу 2006 он гэхэд дэлхийн зуун таван орны хоёр зуун сая үзэгчтэй болсон байв. Тэрээр мэргэжилтний хувьд ярилцлагыг өндөр төвшинд хийх чадвараараа гайхагддаг бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий урлаг, спорт, улс төрийн эрхмүүдийн түүхэнд үлдэх ярилцлагыг хийсэн юм. Түүний хамгийн олон үзэгчтэй ярилцлага бол алдарт попын хаан Майкл Жексонтой 1993 онд хийсэн ярилцлага байсан бөгөөд тухайн үед зөвхөн АНУ-д л гэхэд 65 сая хүн, дэлхий даяар 120 сая хүн үзэж байв.
Мөн тэрээр “Times” “Forbes” сэтгүүлүүдийн нүүрийг чимж байсан бөгөөд оны онцлох, нөлөө бүхий эмэгтэйгээр хэд хэдэн удаа шалгарч байсан билээ.
Мөн 2006 онд Опра дэлхийн хамгийн анхны Африк гаралтай, эмэгтэй тэрбумтан болсон бөгөөд Forbes сэтгүүлийн мэдээлснээр өнгөрсөн оны байдлаар түүний хөрөнгө 2.7 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Одоогийн байдлаар тэрээр “Oprah Winfrey Network” медиа корпораци эзэмшдэг бөгөөд үүнд нь телевиз, хэвлэлийн компани, хэд хэдэн сэтгүүл багтдаг байна.
Энэ жил 64 настай Опра 20 гаруй кинонд тоглож, 15 орчим ном бичсэн бөгөөд боловсролын салбарт нийтдээ 500 сая ам.долларын хандив өргөсөн юм. Түүнчлэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг "The Angel Network", "The Oprah Winfrey Foundation", "The Oprah Winfrey Operating Foundation" зэрэг сангуудын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Мөн улс төрийн хувьд өндөр рейтингтэй ч одоогоор ямар нэг сонгуульд нэр дэвшиж байсан удаа байхгүй. Барак Обамагийн 2008 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын ард түүнийг байсан хэмээн өгүүлдэг ба хэний ч үл мэдэх өнгөт арьс сенатчийг хүн болгонд таниулсан гол хүн хэмээн Forbes онцолж байв. Түүнийг дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, өндөр магадлалтай гэх хүн олон байгаа аж.
Түүний амжилтын нууц
Тайлбар
Опра өөрийн амжилтын нууцаа гурван үе шаттай хэмээн 2014 онд тавьсан илтгэлээрээ олон нийтэд танилцуулсныг хүргэе.
Тэрээр амжилтын нууцыг “Би яаж тус хүргэх вэ” “Би юуг хамгийн сайн хийж чадах вэ” гэх асуултаас гаралтай хэмээн өгүүлжээ.
1.Чи ямар ч ажил хийдэг байсан түүндээ сэтгэлийнхээ гүнээс итгэ. Өөрийгөө ямар нэгэн утга учиртай зүйл хийж байгаа гэдэгтээ мэдэр.
2. Өөрийн бусдаас ялгарах, хэн нэгнээс илүү хийж чадах ганц л юмыг ол. Түүнийгээ хөгжүүлж, өөрийнхөө зорилгод хэрхэн ашиглаж болохоо сайн бод. Ажлаа өөрийн эрхгүй, аз жаргалтайгаар хийхгүй байна гэдэг бол зөв зүйлээ олоогүйн шинж.
3.Сонс энэ дэлхий дээр өөрөөс чинь илүү чухал юм гэж хаа ч байхгүй. Өөртөө анхаарал хандуулахгүй, хувь хүндээ халамж тавихгүй бол ямар ч том зорилготой байсан савангийн хөөстэй л адил хурдан замхарна.
Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд “Та үргэлж өөрийн чин сэтгэлээсээ хайртай, хийж байхдаа аз жаргалтай байдаг ажлаа л хийгээрэй. Тэгсэн цагт амжилт тан дээр өөрөө ирнэ” хэмээжээ.
Түүний хэлсэн эшлэлүүд
-Зорилгодоо хүрэхийн тулд өөртөө юу байгаагаа бүрэн дүүрэн ашигла. Би тэгж л амьдардаг.
-Одоо байгаа бүхэндээ талархаж амьдар, хэрвээ байхгүй зүйлсдээ анхаарлаа хандуулсаар л байх юм бол хэзээ ч аз жаргалыг мэдрэхгүй.
-Миний хамгийн сайн мэдэх зүйл бол “Чи юу өгнө, түүнийгээ эргүүлж авна”.
-Амжилтын нууц тань юу вэ гэж надаас олон хүн асуудаг. Гэхдээ миний бодлоор тийм нууц гэж хаа ч байхгүй. Хэрвээ чи үнэхээр л хүсэж байвал хүнээс асуулгүй хөдөлмөрлө, тэгсэн хойно хүрэхгүй зам гэж үгүй.
-Амьдралын хамгийн том эрсэл бол хэзээ ч эрсдэл гаргахгүй амьдрах юм.
-Туулж болох хамгийн сайхан адал явдал бол мөрөөдлөө дагаж амьдрах билээ.
-Өөрийг чинь зөвхөн өндөрт өргөх л хүмүүстэй нөхөрлө.
-Би хөрөнгө чинээтэй амьдарч буйдаа өдөр бүр талархдаг. Гэсэн ч эд баялаг миний хэн гэдгийг өөрчилж чадахгүй. Би бусадтай л адил газар дээ гишгэж байна шүү дээ. Ердөө л арай үнэтэй гутал углачихсан хэрэг.
Өөрийн бусдаас ялгарах, хэн нэгнээс илүү хийж чадах ганц л юмыг ол. Түүнийгээ хөгжүүлж, өөрийнхөө зорилгод хэрхэн ашиглаж болохоо сайн бод. Ажлаа аз жаргалтайгаар хийж чадахгүй байна гэдэг нь зөв зүйлээ олоогүйн шинж.