Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бид тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий нийт 100 гаруй жилийн турш эмэгтэйчүүдийн ололт, амжилтыг тэмдэглэн, жендерийн эрх тэгш байдалд нөлөөлөх зорилготойгоор уг баярыг тэмдэглэж байна.
Энэ өдөр олон улсын Засгийн газар, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, сайн дурын цуглаан, хөдөлгөөн өрнүүлэн урлагийн тоглолт, нетворкинг арга хэмжээ ч зохиогддог.
Эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгааг арилгахад 217 жил зарцуулагдана гэж Дэлхийн эдийн засгийн форумын “Дэлхийн Хүйсийн Ялгаа-2017” тайланд дурджээ.
Иймд энэхүү ялгааг арилгахад илүү хүчтэй ахиц дэвшил чухал юм. Дэлхий нийтээр 2018 оны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг #PressforProgress буюу “Хөгжлийн төлөөх Хэвлэл” уриалгын дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэрхэн үүссэн бэ?
1909 оны 2 сарын 28-нд Нью Йорк хотын иргэд эмэгтэйчүүдийн бага орлого, сонгуулийн хязгаарлагдмал эрх, урт ажлын цагийг эсэргүүцэн жагссан түүхтэй. АНУ-ын Социалист Намын зохион байгуулсан уг жагсаал эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилготой анхны жагсаал гэгддэг.
Жилийн дараа, Дани улсын Копенгаген хотноо Олон улсын Эмэгтэйчүүдийн хурал болсон бөгөөд энэ үеэр Америкийн Социалист Намын төлөөллүүд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүр зохион байгуулах санал дэвшүүлжээ. Хуралд оролцсон 17 улсын төлөөлөгчид саналыг дэмжин, эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг дэмжих зорилгоор тэмдэглэж байхаар болов.
1911 онд Австри, Дани, Герман, Швейцари улсууд гуравдугаар сарын 19-нд энэхүү өдрийг тэмдэглэж, 1913 оноос хойш гуравдугаар сарын 8-нд албан ёсоор тэмдэглэх болжээ. 1975 онд НҮБ уг өдрийг хүлээн зөвшөөрч, жил бүр тодорхой уриалгын хүрээнд тэмдэглэх болжээ.
Яагаад энэ өдрийг тэмдэглэсээр л байна вэ?
Эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор уг өдөр үүссэн хэдий ч өнөөг хүртэл энэ зорилго бүрэн биелээгүй хэвээр байна.
Дэлхийн улс бүрт хүйсийн эрх тэгш бус байдал байсаар байгаа нь улс төр, бизнес дэх эмэгтэйчүүдийн оролцоо зэргээс шалтгаална. Тухайлбал, Их Британид эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 14 хувиар бага орлого олдог.
2016 онд хүйсийн ялгааг арилгахад 83 жил зарцуулна гэж тооцож байсан бол 2017 онд 100 жил болон нэмэгдсэн нь тун тааруу үзүүлэлт. 2017 онд #metoo буюу “би ч бас” хөдөлгөөн өрнөж, дэлхий даяар бэлгийн дарамтанд өртөж байсан эмэгтэйчүүд өөрсдийн түүхээ хуваалцсан. Тэд “Time” сэтгүүлээс жил бүр тодруулдаг “Оны онцлох хүн”-ээр тодорч “Чимээгүйг эвдэгчид” хэмээн өргөмжлөгдсөн билээ.
#Metoo хөдөлгөөн хэрхэн эхэлсэн бэ?
Кино найруулагч Харви Вайнштейн охид бүсгүйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг байсан хэргийг олон нийтэд илчилсэн энэхүү хөдөлгөөн Холливудын жүжигчин Алисса Милано твиттер хуудаснаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн найзынхаа тухай бичсэнээр эхэлжээ. Үүний дараагаар жүжигчин Эшли Жадд, Анжелина Жоли, дуучин Тайлор Свифт, жүжигчин, загвар өмсөгч Роуз МакГоун зэрэг олны танилууд бэлгийн дарамтын талаар үзэл бодлоо хуваалцан, хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэхэд уриалсан юм.
Сэтгэгдэл (4)