“Пёнчан 2018” олимпийн аварга Алина Загитова нохойтой болох мөрөөдлөө сэтгүүлчдэд ярьсан талаар бид мэдээлсэн билээ. Алина Японы акита үүлдрийн нохойтой болохсон хэмээн ярьсан юм.
Энэ талаар сонссон Японы акита үүлдрийн нохойны холбооноос олимпийн аваргад цэвэр үүлдрийн акита гөлөг бэлэглэхээр болжээ.
Тус холбооны мэдэгдэлд “Олимпийн аварга болсонд тань чин сэтгэлээсээ баяр хүргэе. Хэвлэл мэдээллээс бид Алинад акита үүлдрийн нохой таалагддаг гэдгийг мэдэж авлаа. Акита бол Япон улсын гайхамшигт баялаг гэж бид үздэг. Манай холбоо акита нохойг хамгаалах, цэврээр нь хадгалан үлдээхийн төлөө ажилладаг тул энэ мэдээг сонсоод их баярласан. Манай холбоо 90 жилийн түүхтэй. Акита нохойгоо дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх нь манай бас нэгэн зорилго. Тиймээс Алина Загитовад акита нохой бэлэглэхээр шийдлээ. Энэ нохой Орос, Японы найрамдлын нэгэн гүүр болбол их баярлах болно” гэж бичсэн байна.
Алина “Би амьтанд хайртай. Надад акита гөлөг бэлэглэх болсонд маш их баярлалаа. Мөрөөдөл минь биелэж байна. Японд уран гулгалтын спортод их дуртайг би мэднэ. Баярлалаа” гэж хариулжээ.
Акита нохой хэдийнэ Орос орох замдаа гарсан бөгөөд эмнэлгийн үзлэг, гаалийн шалгалтыг давсных нь дараа Москва хотын “Хрустальный” ордонд гардуулан өгөх юм.
Сэтгэгдэл (1)