ОХУ-ын Санкт Петебург хотын Репиний Уран Зургийн Академид хэсэг хугацаанд багшилж байгаад саяхнаас эх орондоо буцан ирж суурьшин, бүтээлээ туурвиж буй авъяаслаг уран бүтээлч Б.Отгонтүвдэнгийн олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Март 8” үзэсгэлэнгийн нээлт 3-р сарын 2-ны өдрийн Баасан гарагт Art Space 976-д болох гэж байна.
Уран бүтээлч Б.Отгонтүвдэн нь монгол ахуй, хөрөг болон түүхэн бүтээлүүдээр олны танил болж байсан бол энэ удаад гарах үзэсгэлэн дээр тавигдах бүтээлүүд нь нилээд минимал шинжтэй болж ирсний сацуу зөөлөн, тайвшрам мэдрэмжийг өгөх аж.
Түүний талаар оросын урлаг судлаач мэргэжилтэн Татьяна Троицкая “Уран зургийн төрөл, зурах арга барил, сонгодог сэдвийн хувьд Отгонтүвдэн яах аргагүй реалист чиглэлийн, тэр дотроо романтизм сургуулийн уран бүтээлч мөн” гэж тодорхойлоод, “Дээр үед Оросын уран бүтээлчид Италийн байгалийг шүтэн биширч байсан шиг миний өгүүлэх уран бүтээлч уран бүтээлийн онгод, өнгө аясыг нарлаг Дундад тэнгисээс бус, бага наснаас нь танил болсон өөрийн эх орны байгалийн цог жавхаагаас олж байна. Өөрөөр хэлэх бол тэрээр сурсан мэргэжлийн ур чадвартаа тулгуурлан өөрийн зургуудаар үндэсний урлагийг бүтээж байгаа юм. Энэ бол түүнийг сонгосон, зорьж буй замнал бөгөөд энэ залуу уран бүтээлчээс бид маш олон содон бүтээл туурвиж их өндөр амжилтад хүрэхийг зүй ёсоор хүлээх болно” гэж бичиж байжээ.
Тус үзэсгэлэн Жамъян Гүний гудамж, Чойжин Сүйтс цогцолборын 1-р давхарт байрлах Art Space 976 үзэсгэлэнгийн танхимд 2018 оны 3 дугаар сарын 26-ыг дуустал үргэлжилнэ.
Б.Батчимэг