Германы алдарт “Модерн Токинг” хамтлагийн гоцлооч алдарт Томас Андерс өнөөдөр 55 нас хүрчээ. Сүүлийн жилүүдэд Европ болон Азид сайн талын бэлгэ тэмдэг болоод байгаа Томас Андерс төрөлх Гермаанаасаа илүүтэй Москвад юмуу Тюмень дэх цасан шуурган дунд байх илүү дуртай болсон гэдэг. Мэдээжийн хэрэг, гэртээ байхдаа тэрээр алдартай хэвээр байдаг ч олон жилийн турш аялан тоглолтоо хийсээр байгаа билээ. Түүнийг Орос руу даллан дууддаг өөр нэг зүйл нь Орос бол асар өргөн цар хүрээтэй, сая сая ганц бие эмэгтэйчүүдийн эх орон билээ. Гэхдээ тэрээр бүх зүйлийг ном журмын дагуу хийхийг урьтал болгосоор байгаа юм.
Томас Андерс Германы Мюнтертерфельд нэртэй жижигхэн хотод төржээ. Түүний анхны хамтрагч болох хөгжмийн зохиолч Bernd Weintung Томасын жинхэнэ нэрийг хэлэх хэцүү гэж үздэг байсан тул тэд түүнийг нэрээ нууцлахыг зөвлөж байж. Андерсийн аав нь даруухан хотын захирагчаар ажилладаг байв. Ээж нь хотын захирагчийн эхнэрүүдтэй адил өөрийн бизнесийг удирддаг байсан бөгөөд жижигхэн кафетай байсан гэдэг. Энэ кафед ирээдүйн оддын анхны тоглолтууд болж байжээ. Томас багаасаа л дуу хөгжимд сонирхолтой, сайн ч дуулдаг байж. Харин аав нь түүнийг урлагийн хүн болгох дургүй байсан гэнэ. Тиймдээ ч ээжтэй нь ам зөрдөг байжээ. Уг нь аав нь Томасыг барилгын мэргэжилтэн болгох сонирхолтой байсан ч тэрээр дуу хөгжмөөс хөндийрөх шинжгүй байсан тул аав нь шантарсан гэдэг.
Томас багадаа зүүдэлсэн зүүд нь 16 настай байхад нь биеллээ олж эхэлжээ. Тэрбээр "Люксембург" радиогийн тэмцээнд түрүүлэв. Тухайн үед болох ёстой юм болоод л өнгөрч. Тэрхүү тэмцээний үеэр алдартай продессерүүд түүнийг олж харж, удалгүй анхны гэрээ хэлцлүүд хийгдэж эхэлснээр аялан тоглож эхэлжээ.
Энэхүү гэрээ Томасыг "Амьдралынхаа гол хүн" Дитер Болэнтэй уулзах хүртэл үргэлжилжээ. Тэд хамтдаа хэд хэдэн дуу гаргасан нь удалгүй Германы болон Итали, Францын хит парадыг тэргүүлж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан тэд асар өргөн хүрээтэй ажиллах шаардлагатай болжээ. Тэд ч үүнийг хийсэн. Учир нь 1984 онд тэд “Modern Talking”-оо байгуулжээ. Тэдний эхний цомог олон сая хувиар борлогдож, толгой эргүүлсэн амжилтууд урсч гарсан байдаг. Шагнал, урамшуулал ч дарж гарч. Фенүүд нь чухамдаа хотоос хотын хооронд машинтай нь үүрээд зөөхөд ч бэлэн болж, ёстой л галзууруулж байв. Энэхүү галзуурсан гэмээр алдар нэр бараг дөрвөн жилийн турш тэднийг дагалджээ. Гэхдээ Томас алдаршихын хэрээр хувийн амьдрал нь хэцүүдэж байжээ. Атаархуу, хахир зантай эхнэр нь цаг үргэлж хамт байхыг шаардах болсноор тэрээр зарим үед Дитер Болентойгоо ч муудалцах болжээ. Ихэд тэвчсэн Томас нэг л өдөр эхнэрээсээ салж, архи мансууруулах бодисонд дурлах болжээ. Ингэсээр Дитер Болен тэр хоёр зам замаа хөөсөн байдаг. Гэхдээ арван жилийн дараа тэд алдарт “Модерн Токинг”-ийг сэргээх оролдлого хийжээ. Энэ оролдлого ерөнхийдөө амжилтгүй болсон удалгүй дахиад л тэд дахиад хит парадуудыг тэргүүлж, цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тэдний фенүүд дахин пиг дүүрэн байх болжээ. Энэ удаа хөгжимчид бие биенээ сайтар ойлгох гэж үнэхээр их хичээсэн гэдэг. Гэсэн ч тэр бүхэн талаар болж хоёул дахиад л өөр өөрийн замаар салжээ. Энэ удаа Томас Андерсийн зам Оросыг сонгожээ.
Хуучин ЗХУ-ын оршин суугчид 80-аад оны дундуур анх удаа Германы Төв Телевизээр хагас нүцгэн залуусыг харсан гэдэг. Тэр үеэс л ЗХУ-ын эмэгтэйчүүд Томас Андерсийг шүтээнээ болгож, унаж тусацгааж гүйцсэн гэгддэг. Гэхдээ тухайн үед Томас Андерс, Дитер Болен нар Зөвлөлт Холбоот Улсад 100 хувь амжилтанд хүрч чадаагүй л байв.
Харин ЗХУ задарч, ОХУ байгуулагдсанаар Оросын залуу үе Томас Андерсаар жинхэнээсээ өвчилж эхэлсэн юм. Орос орон тэр чигээрээ Томас Андерсийг чин сэтгэлээсээ хайрлах болж боломж л гарвал Москвад урьж эхэлжээ. Тэр нь 2000-аад анаас эхэлжээ. 2010 онд Томас Андерс Оросын фенүүддээ зориулсан анхны цомгоо гаргажээ. Тэр цомогт ихэнхдээ Оросын хөгжмийн зохиолчдын бичсэн дуунууд орсноороо фенүүдийг нь жинхэнэ утгаар нь галзууруулжээ. Түүнээс гадна Оросын баримтат киночидтой хамтран хэд хэдэн бүтээл хийсэн нь ихээхэн амжилттай болсон байна. Чухамдаа тэр л цаг үеэс хойш Томас Оросоос холдсонгүй бас хэзээ ч орхиж байсангүй. Хэдэн жилийн өмнө тэр Москвад томхон орон сууц худалдаж авснаар Оросын элит хүрээнийхэнтэй ихэд ойртон нөхөрлөжээ. Удалгүй Томас Оросын нэрд гарсан хөгжмийн зохиолч Александр Пахмутоватай хамтран ажиллаж эхэлжээ. Гэхдээ тэрбээр Пахмутовагийн дуунуудыг англи хэлээр дуулдаг боловч фенүүдэд нь мөн л гайхамшигтай таалагддаг гэнэ.
Одоогоор Германд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ 55 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаа ч удахгүй Оросод эргэн ирж эхлээд Уралаар дараа нь Сибирийн хотуудаар аялах тухайгаа ярьжээ. Учир нь Томас Андерс Орос оронд тэр дундаа Сибирийн ой хөвчид маш их хайртай гэдгээ сэтгүүлчдэд тайлбарлажээ.
Д.Түвшин