Кино ертөнцийн гол үйл явдал “Оскар”-ын шагнал гардуулах ёслол ирэх сарын 4-нд болно. Харин алдартнууд энэ ёслолд хэдийнэ бэлтгээд эхэлсэн байгаа. Улаан хивс, шагнал шардуулах ёслолд одод дунджаар гурван сарын өмнөөс бэлтгэж эхэлдэг. Энэхүү бэлтгэл ажилд фитнес багш, гоо сайханч, мэс засалч, загвар зохиогч гээд бүхэл бүтэн баг ажиллана. Ингээд одод “Оскар”-т гангалах гэж хэдийг үрдэг вэ гэдгийг тооцоолж үзье.
Ододтой ажилладаг дасгалжуулагч доод тал нь 300 доллараас эхэлнэ. Ганцхан хичээл нь. Хүнээсээ хамаараад хэдэн хичээл орох нь өөр өөр. Тейлор Свифт, Сандра Баллок нартай ажилладаг фитнес багш Симон де ля Ругийн ярьснаар одод фитнес хичээлээ ёслолоос 6-12 долоо хоногийн өмнө эхэлдэг. “Тэд энэ үед долоо хоногт 5-6 өдөр, өдөрт 1 цаг хичээллэдэг. Улаан хивсэн дээр сайхан харагдах нь тэдний ажлын нэг хэсэг гэдгийг мартаж болохгүй” гэж Симон ярьж байна. Оскарын өмнө жингээ хасах нь ихэнх жүжигчдийн гол зорилго. Учир нь өмсөх гоёлын даашинзаа тэдний ихэнх нь түрээслэж авдаг. Харин алдарт брэндийн түрээсэнд байх даашинз ихэнх нь туранхай гоолиг бүсгүйчүүдэд таарах размер байдаг. Палаажиндаа багтахгүй бол худалдаж авах, захиалгаар хийлгэхийн аль нэгийг сонгох болно.
Эрүүл хооллолт: өдөрт 100 доллар
Оскарын өмнө оддын эрүүл хүнс хоолны захиалга эрс өсдөг. Шалтгаан нь дээрхтэй ижил. Гвинет Пэлтроу, Крисси Тейген нар 4 долоо хоногийн Sakara-гийн хөтөлбөрт хамрагддаг гэж байгаа. Байнга ногоо жимс идэх тул турж, арьс нь эрүүл, өнгөлөг болдог.
Гоо сайханч: өдөрт 30 мянган доллар
Беверли-Хиллзийн гоо сайханч, доктор Тони Нала Оскарын өмнө нэгэн алдарт жүжигчний нүүр царайг 30 мянган доллараар бүрэн төгс янзалсан гэж ярьсан байдаг. Ийм дээд зэрэглэлийн мэргэжилтнээс зөвлөгөө авахад 7 мянган доллар. Оскараас өмнө хийдэг гол “засвар” гэвэл уруул янзлах, духанд ботокс хийх, хөлс бүрэн арилгах, арьс “индүүдэх” гээд бүгд л тус бүр хэдэн мянган долларын үнэтэй.
Стилист: өдөрт 6-7 мянган доллар
Тэд үйлчлүүлэгчийнхээ төрх, имижинд таарсан хувцас, чимэглэл олж өгнө. Гэхдээ тухайн хүний хүсэл, брэндүүтэй ямар харилцаатай гээд олон зүйл судлах хэрэг гардаг. Өрсөлдөгч жүжигчин нь ямар хувцас өмсөх гэж байгааг тагнах ч үе бий. Хэрэв жүжигчид гэнэт татгалзвал В хувилбараа бас гаргасан байдаг.
Нүүр засалч, үсчин: 1,5-5 мянган доллар тус бүр
Энэ мөнгөн дээр нэмээд өөр олон зардал гарна. Жишээ нь сормуус ургуулахад 500, үс өтгөрүүлэхэд 2000, шүд цайруулах 2000, арьс борлуулах 250, маникюр, педикюр 1000 доллар болно.
Гоёл, чимэглэл: 0 доллараас эхлээд дээш хязгааргүй
Улаан хивсний ёслолын гоёл ямар үнэтэй вэ? Холливудын мэргэжилтнүүд доод тал нь 15 мянган доллар гэж хэлдэг. Дээд хэмжээний оддын гоёлын дундаж үнэ 200 мянган доллар байдаг байна. За тэгээд алмааз эрдэнэ, алт мөнгө болоод явбал замбараагүй тоо гарах нь ойлгомжтой. Гэхдээ ямар ч том од байсан зүүлт, гоёлоо түрээсээр авдаг. Холливудад гоёлын даашинз авахад тухайн од биш харин эсрэгээр дизайнер нь түүнд мөнгө төлдөг явдал ч бий. Өөрийн брэндээ сурталчлахын тулд стилистэд нь 30-50 мянга, жүжигчинд 100-250 мянган доллар төлж, ёслол дээр өмсүүлдэг газар ч байдаг байна.
Энэ дээд дурдсан зүйлээс гадна өөр маш олон зардал бий. Лимүзин захиалах, дотуур хувцас, массаж, цэцэг, оргилуун дарс гээд л.
“Оскар”-т эрэгтэй жүжигчид дунджаар 270 мянган доллар зардаг байна. Харин эмэгтэй жүжигчдийн хувьд хэрэв шинэ жүжигчин бол 270 мянгаас эхэлж, дээд зэрэглэлийн од 10 сая доллар ч зарах явдал байдаг аж. Ганцхан үдшийн төлөө шүү дээ. 10 сая доллар зарсан одын хувьд улаан хивсээр алхах алхаа болгон нь 620 мянган доллар гэсэн үг.
Өөрсдөө төлдөг үү
Энд их сонирхолтой. Хэрэв та үнэхээр дээд зэрэглэлийн од бол энэ мөнгийг өөрөө төлөх шаардлагагүй. Кино студи өмнөөс тань төлнө. Мэдээж массаж, гоо сайхнаа өөрөө төллөө ч хамгийн гол өмсөх хувцас, алт мөнгөн гоёл чимэглэлийг ивээн тэтгэгч нь бэлэглэх, эсвэл түрээсээр студи нь авдаг.
Оны гол ёслол “Оскар” дээр хэмнээд байх хэрэггүй шүү дээ.
Сэтгэгдэл (1)