Алдарт жүдоч Геннадия Белодедийн 17 настай охин Дарья дахиад л олныг шуугиуллаа. Тэр өнгөрсөн Их Дуулгын нэгэн адил бүх өрсөлдөгчөө илт давуу унагаасаар түрүүлсэн билээ. Финалд Ева Черновицкитэй хийсэн барилдаан онц сонирхолтой байлаа. Яагаад гэвэл Ева жингийн бусад өрсөлдөгчдөө бодвол өндөр тул Дарьягийн чацаа ашигладаг гол давуу тал нь ашиг болохгүй байв. Гэвч тэр огт түүртэлгүй ялсан. 17 настай энэ охины барилдааны статистик үзүүлэлт үнэхээр гайхмаар байгаа. Олон улсын тэмцээнд оролцсон бүх тэмцээндээ тэр хоёр л удаа ялагдсан. Хөххотын Гран Прид Италийн Миланид, ДАШТ дээр Казахстаны манай бөх Г.Отгонцэцэгт л унасан юм. Г.Отгонцэцэгээс тэр хариугаа Гаага Гран При дээр авч чадсан. Дарья 4 тэмцээн дараалан түрүүлээд байгаагийн хоёр нь Их Дуулга. Түүнийг хэн зогсоох вэ?
Шёохэй Оно эргэн ирлээ
Олимпийн аварга Оно Германы Их Дуулгад түрүүлсэн. Мэдээж олон сар барилдаагүй тул жинхэнэ Оно биш байсан ч тэр эргэн ирсэн. Алтан нэртэй өмсгөлийн дарамт, бэлтгэл дутуу байгаа нь нөлөөлсөн тул тэр тун болгоомжтой барилдаж байв. Хуучин шигээ эрч хүчтэй биш байсан ч нэг ч оноо алдалгүй түрүүлсэн юм. Эхний 3 барилдаанаа Оно O-Soto-Gari мэхээр ялсан. Тиймээ, чухам энэ мэхээр л тэр Тэнри их сургуульд дипломын ажлаа хамгаалсан билээ. Алтан медаль хүрэх замдаа тэр жингийнхээ чансааны 2-4-т бичигдсэн бөхчүүдийг бүгдийг нь ялсан. Нэгт байгаа Хашимото шигшээ багаас хасагдсан тул түүнтэй барилдахзавшаан тохиосонгүй.
Игольников Машу Бейкерийг яллаа
Оросын 21 настай залуу бөх Михаил Игольников олимпийн аваргыг ялаад зогсохгүй насанд хүрэгчдээс анхныхаа алтан медалийг авлаа. Мөрний хүнд гэмтлийн улмаас барилдалгүй удсан Бейкер яаж ийгээд финалд үлдсэн ч залуу орос бөхийг давж чадсангүй.
Липартелиани хамгийн тогтмол амжилттай бөх
Гүржийн Варлам Липартелиани Дюссельдорфод түрүүлсэн. Дөрвөн барилдаанаа иппоноор ялж, нэгийг нь 3 шидогоор давсан. 28 настай Варламын энэ ялалт хэнийг ч гайхуулаагүй. Түүний дархан мэхийг бүгд мэддэг ч хэн ч хамгаалж чадахгүй хэвээр. Тэр оролцсон бараг бүх тэмцээндээ медаль хүртдэг. Их Дуулгын дараа тэр жингээ чансаагаар тэргүүлсэн. Гэхдээ гол нь ДАШТ гэж Варлам ярицлагадаа өгүүлсэн юм. Өрсөлдөгч япончууд энэ жинд тааруухан байгааг харахад дэлхийн аварга болох хүсэл нь биелэх тун дөхөж байна.
Аварга тодроогүй жин
Өрсөлдөгч хоёр бөх идэвхгүй барилдаад байвал хэн хэнийг нь хансокү макэ болгож ялагдуулна гэсэн шинэ дүрэм нэвтрэхэд бөхчүүд ч сайн ойлгоогүй. Тэгвэл тэдэнд тархинд нь шингэтэл ойлгуулсан барилдаан +100 кг-д боллоо. Такеши Ожитани, Хисаёши Харасава нар хүнд жингийнхний нэгэн адил болгоомжтой удаан барилдаж байлаа. Нэг нэгнээ ч сайн мэднэ. Хоёр минут өнгөрсний дараа шүүгч барилдааныг зогсоож тэднийг гурав дахь удаагаа торгосон. Харасава, Ожитани хоёулаа мөнгөн медаль хүртэж, алтан медальгүй, сүлд дуу ч эгшиглэлгүй тэмцээн өндөрлөсөн.