"Пёнчан-2018" өвлийн XXIII олимпийн наадамд манай улсын гүйлтийн цанын тамирчид эх орноо төлөөлөн оролцлоо. Манай тамирчид болох ОУХМ Ч.Отгонцэцэг, ОУХМ Б.Ачбадрах нар 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд "Алтпениса гүйлтийн цанын төв"-д олон улсын тамирчидтай уралдсан юм.
ОУХМ Ч.Отгонцэцэг гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн төрөлд 10 километрийн зайд уралдаж, 32:52.1 амжилтаар 90 тамирчнаас 84 дүгээр байрт шалгарлаа. Харин ОУХМ Б.Ачбадрах гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн төрөлд 15 километрийн зайд оролцож, 41:40.4 амжилтаар 119 тамирчнаас 97-р байрт оржээ. Тэрбээр "Ванкувер-2010" өвлийн XXI олимпын наадамд оролцсон ОУХМ Х.Хаш-Эрдэнийн амжилтыг 1 минутаар ахиулсан байна.
ОУХМ Ч.Отгонцэцэг нь “Сочи - 2014” Өвлийн олимпийн наадамд уралдаж байсан туршлагатай тамирчин бөгөөд өнгөрсөн онд ДАШТ-ний В ангилалд шагналт IV байрт орж байсан бол ОУХМ Б.Ачбадрах 2017 оны ДАШТ-ний В ангилалд хүрэл медаль хүртэж байсан амжилттай.
Энэ удаагийн цанын багийн дасгалжуулагчаар ОУХМ Х.Хаш-Эрдэнэ ажиллажээ.
Сэтгэгдэл (14)