Санхүүгийн зохицуулах хороо Үнэт цаасны зах зээлийн журмын шинэчилсэн төслүүдийг өнгөрөгч 2017 оны аравдугаар сараас өөрийн цахим хуудсанд байршуулж олон нийт болон үнэт цаасны арилжаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэх байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэх, санал авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байна.
Мэргэжлийн холбоод, арилжаа эрхлэх байгууллага, төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагуудаас журмын төсөлд тус тусын саналыг ирүүлсэн боловч тэдгээрийг судлах явцад хүчин төгөлдөр үйлчилж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, тогтоомжтой зөрчилдсөн, хэт нэг талын байр суурь, эрх ашгийн үүднээс хандсан, гишүүн байгууллагууд бүрээс санал авч тусгасан эсэх нь эргэлзээтэй зэрэг олон дутагдал гарсан тул өнгөрөгч долоо хоногт тусгай зөвшөөрөл эзэмшигч мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт тусгай зөвшөөрөлтэй арилжаа эрхлэх, төлбөр тооцоо, брокер, дилер, андеррайтерийн 19 компанийн төлөөлөл оролцож, тус хорооноос боловсруулсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн нэгдсэн журам”-ын төслийн талаар санал дүгнэлтээ илэрхийлж, албан ёсны саналаа СЗХ-нд албан бичгээр ирүүлэхээр тохиролцов. Түүнчлэн тус хорооны Үнэт цаасны газраас хэлэлцүүлэгтэй холбогдуулан бусад тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцох хэлэлцүүлгийг ойрын хугацаанд дахин зохион байгуулахаар тогтов.
Хэлэлцүүлгийн үеэр СЗХ-ноос авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж бодлогын арга хэмжээ, судалгаа, шинжилгээний үр дүнгийн талаар Үнэт цаасны газраас хийсэн нэгдсэн мэдээлэл хийсэн юм. Мэдээллийг сонсоод үнэт цаасны салбарт өнгөрөгч онд гарсан эерэг өөрчлөлт, өсөлтүүдэд сэтгэл хангалуун байгаагаа хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байлаа.