Дэлхийн кино урлагийн салбарын амжилтыг үнэлэх “Oscar” шагналыг хүн бүр мэднэ. Түүнтэй адил дэлхийн дуурийн урлагт "Opera Awards” гэж бий.
Дуурийн урлагийн хамгийн нөлөө бүхий томчуудын хүсэлтээр энэ шагналд анх удаа монгол хүн нэр дэвшлээ.
Тодруулбал, УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин “2018 оны Дэлхийн дуурийн шилдэг залуу дуучин номинаци”-д нэр дэвшиж байна.
Хил хязгааргүй тал нутгийн дуучид дуурийг гайхамшигтайгаар амилуулж, дэлхийн сонгодог урлагийн тайзыг эзэлсээр байгаа. Тэдний нэг нь УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин.
Э.Амартүвшин нь Оросын алдарт хөгжмийн зохиолч И.П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны дэд байр, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны “Гран при“ буюу шилдэгийн шилдэг дуурийн дуучин, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналт хүртсэн гээд түүний гавьяа шагналыг дурдаад барашгүй.
Түүнийг дуурийн эх орон Итали даяар дуурийн “Маэстро” хэмээн нэрлэж байна. Энэ нь ч учиртай.
Тэрбээр энэ сарын 12-21-нд Италийн Режио ди Парма хотын театрт алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг амилуулсан.
Э.Амартүвшин “Маэстро”-г дуулж эхлэх мөчөөс төгсгөл хүртэл үзэгчид амьсгалаа хураан түүнийг сонсдог. Дуурийн эх орон болох Италийн үзэгчид түүний дуу, хоолойны өнгө, Риголеттогийн хэлэх үг, мэдрэмж, бодол хүслийг дамжуулж буй тайзны өвөрмөц эрхэмсэг хөдөлгөөнийг бишрэн шүтдэг.
Сэтгэгдэл (3)