Өчигдөрхөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй уулзахад “Аудитын газраас хийсэн шалгалтаар Оюутолгойд 2 тэрбум ам долларын луйврын шинжтэй зөрчил илэрчихсэн байгаа. Түүнээс гадна тэрхүү ажлын хэсэгт орж ажилласан хүмүүсийн тоо баримттайгаар ярьж байгаагаас үзвэл цаана нь 3.5 тэрбум ам долларын булхай бий” гэж байсан. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы нээлтийн үеэр энэ парламентын тулхтай, бас ч гэж элээсэн оймсныхоо тоогоор толгой цохидог Д.Тэрбишдагва гишүүн “Оюутолгойд хийсэн шалгалтаар 1.8 тэрбум ам долларын зөрчил илэрчихээд байгаа. Түүнээс гадна өөр ч ихээхэн мөнгөн дүнтэй зөрчил байгааг бидэнд ирсэн мэдээлэл нотолж байна. Одоо Монголын хууль хүчний байгууллагууд нэлээн зоримог шуурхай ажиллах цаг болсон. Рио Тинтотой хэрэлдэж хэлцэхээс илүүтэй тэдэнтэй гэрээ хийсэн хүмүүсийн буруутай үйлдлийг илрүүлэх, Монгол Улсад хохиролтой тэдгээр гэрээг яаралтай эргэж харах шаардлагатай” гэсэн юм. Д.Тэрбишдагва гишүүний шүүмжлэлийн хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Оюутолгойд ажлын хэсэг гарган шалгалт хийхэд татгалзах зүйл байхгүй” хэмээн байр сууриа товчхон илэрхийлэв.
Ямартай ч 2009 оны 10 дугаар сард С.Баярыг Ерөнхий сайд байхад С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарын Рио Тинтотой байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын анхны гэрээ, 2015 оны тавдугаар сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Дубайд нууцаар шахуу нисэн очиж Рио Тинтотой байгуулсан далд уурхайн ажлыг эхлүүлэх гэрээ зэрэг нь Монгол Улсад ихээхэн хохиролтой, бидний авах ногдол ашгийг 2037 он хүртэл царцаасан зэрэг ноцтой асуудалд хууль тогтоогчдын байр суурь нэгдэж эхэлж байгаа нь сайшаалтай. Саяхан Монголд ирээд байгаа Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жактай Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзаж ярилцсан ч Хамтарсан ажлын хэсэг байгуулна гэснээс өөр нааштай хариу сонсогдоогүй нь Оюутолгой Монголоос улам алсарч байгаагийн дохио болсныг УИХ-ын зарим гишүүд ийнхүү илэрхийлж эхэллээ.
Д.Түвшин
Сэтгэгдэл (20)