Тархины хорт хавдраар удтал шаналсан ОХУ-ын дуурийн нэрт дуучин Дмитрий Хворостовский Лондон хотноо гэр бүлийнхнийхээ дунд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 22-нд таалал төгссөн билээ. Нэрт баритон 55 настай байсан бөгөөд түүний үхлийг ОХУ болон дэлхийн дуурийн урлагт тохиосон томоохон гарз хэмээн ОХУ-ын төрийн Думын гишүүн, ОХУ-ын Ардын жүжигчин И.Кобзон тухайн үеийн эмгэнэлийн бичигт бичиж байсан. Тэгвэл ОХУ-ын Марийнскийн театрын гоцлол тенор Сергей Скороходов “Тэрээр бидэнд асч байгаа гал шиг гайхамшигтай үлгэр дууриал үзүүлсээр сүүлийн хоёр жил аюулт өвчинтэйгөө бүх чадлаараа тэмцсэн. Мөн тэрээр цаг ямагт мэргэжилдээ жинхэнэ эзэн байхын гайхамшигтай үлгэр жишээг үзүүлсээр, гал цогтой хөгжилтэй зангаараа биднийг баясгасаар байсан нь одоо ч сэтгэлд хадгалагдан үлджээ. Бид хоёр зөвхөн Марийнский театрт төдийгүй Мюнхен, Нью-Йоркийн алдартай театруудын тайзан дээр зэрэгцэн дуулж байсан нь ховорхон хувь заяа байжээ” хэмээн “Эхо Москва” сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Манайхан алдарт баритоны дуулсан “Журавли”, “Тёмнае ночь” болон агуу эх орны дайны сэдэвтэй олон сайхан дууг нь сонсож байсан билээ. Тэрээр зөвхөн дайны сэдэвтэй дуу дуулахаас гадна хуучны Орос ардын олон сайхан романсыг дуулж үзэгчдийн хүртээл болгосон гайхалтай сайхан баритон хоолойтой дуучин байсан юм.
Д.Түвшин
Сэтгэгдэл (1)