Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг энэ оны хоёрдугаар улирлаас эхлүүлэх шийдвэрийг эцэслэн гаргасан нь энэ Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Монгол Улсын түүхэнд сайн нэрээр мөнхрөн үлдэх боломжийг олгох магадлалтай болголоо. Энэ шийдвэрийн дагуу Алтанширээ сумын нутагт 150 га талбайг улсын хэрэгцээнд авахаар болж, нефть боловсруулах үйлдвэр хүртэл 20 км төмөр зам тавих, хүнд даацын тусгай зориулалтын авто зам, эрчим хүч дамжуулах шугам зэргийг төрийн өмчит компани, байгууллага хариуцаж гүйцэтгэхээр болж байна.
Монголчуудын 28 жил хүлээсэн энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлын үе шат бүрт Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байнгын хяналт тавьж ажиллах үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа гишүүдэд өгснөөр энэ ажил тогтоосон хугацаандаа, хөрөнгө мөнгөний шамшигдал бага гарч хэрэгжих нөхцөл бүрдэж байна.
Засгийн газрын хуралдааны шийдвэр ёсоор Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж гүйцэтгэх бол хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ хийж гүйцэтгэх юм байна. Харин эрчим хүч дамжуулах шугамын ажлыг Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ Төрийн өмчит компани тус тус хийж гүйцэтгэхээр болж байна.
Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг гэж Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж “Нэг бодлого-Нэг улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван стратеги дэвшүүлж 27 зорилт хэрэгжүүлэхээр болж байна.
Хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ бүрэн ханган, хүнс экспортлогч орон болох, аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж иргэдэд ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэр, аялал жуулчлал, тээвэр, дэд бүтцээ хөгжүүлэх зэргийг тусгажээ.
Мөн нийгэмд шударга ёс тогтоон, хуулийн засаглалыг бэхжүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангах, шүүх, хуулийн байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, ажлын байр нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудал зэрэгт онцгой анхаарал хандуулахаар боллоо. Ийнхүү Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан тогтоол, гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү том бүтээн байгуулалтын ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэж чадвал Монголчуудын олон арван жилийн мөрөөдлийг биелүүлж, түүхэнд онцгойрон тэмдэглэгдэж үлдэх нь тодорхой юм.
Д.Түвшин
Сэтгэгдэл (46)