Чөлөөт уран бүтээлч Г.Ариунчулуун "Хүн мод" киног үзэж, дараах шүүмжийг бичжээ. Тус шүүмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"ХҮН МОД" киног үзлээ
Imagination film, Born film studio, Red records-оор хаяглагдсан та бидний эртний танил Guys-ийн Төгсөө буюу Александрын Төгсбаярын бүтээлийн талаар хэдэн үг бичихээр шийдлээ.
Киноны төрөл нь мелодрам буюу амьдралын хүүрнэл чиглэлийн кино. Юуны өмнө энэ кинонд эгэл амьдралын илүү дутуу фантазгүй дүрснүүд дүүрэн. Тэр ч бүү хэл бидний дунд өрнөж байдаг үйл явдлуудын дунд шууд давхиж ороод зураг авалтуудаа хийсэн нь сайн шийдэл байлаа. Махны зах, Хүүхдийн баяр, Хонхны баяр бүүр зарим хүн анзаарах ч үгүй өнгөрч байдаг Эвтэй дөрвөн амьтны хөшөө г.м.
Кинонд ах дүү дөрвийн амьдралын эхлэл, өрнөл хэсгүүд гарна. Хүний амьдрал ямар урт вэ? Бэрхшээл гэгч нь юу юм бэ, түүний өмнө сөхрөх ямар амархан, сөрж гарах ямар хэцүү ч дараа нь хичнээн амттай. Хүмүүс бид яагаад эрж хайвч эс олдох төрсөн ах дүүстэйгээ хол хөндий харьцаж байна вэ? Нэг удаагийн хэнэггүйтэл нэг насны харамсал болох амархан уу? Эхийн сургааль, эгчийн ухаан гэж юу вэ? гээд энд асар олон зүйлс багтаж байна.
Түрүүн хэлсэнчлэн зураг авалтын обект сонголт, зураг авалт ер нь л нэн аятайхан. Хэлбэр, маяг багатай ч зохимжтой. Төгсөө өөрөө хөгжмийн зохиолч хүн тул хөгжим тал дээр сүүлийн үеийн кинонуудад гарч байгаа алдаанууд харагдсангүй. Чимэг, үндсэн хөгжим бүгд наалдацтай бас оновчтой байлаа.
Зохиолын сэдэв арилжааны кинонуудаас ангид амьдралын кино болж чадсан байна. Дүрийн сонголтын хувьд ч энгийн олны дунд байж л байдаг энгийн сайхан хүмүүс. Тайлалд гарч буй МУАЖ-чинтэй хэсгийн зураг авалт хийсэн орчин, өнгө, төрх, нарны суулттай таарсан энэ тэр бол гайхамшигтай байсан шүү.
Бас хүүхдүүд маш сайн тоглосон байсныг хэлэхгүй өнгөрч болшгүй.
Аан тийн ээжийн ярьж өгч байгаа үлгэрийн голоор гарч байгаа жижиг анимэйшнүүд үнэхээр хөөрхөн чимэг бас гоё шийдэл байсан.
Дүрүүдийн хүүрнэл хэсэг, үгийн сонголтууд мундаг.
Эцэст нь хэлэхэд: Машин угаалгаж байгаа хүн болоод багш хоёрын ярианы хэсэг л энэ кинонд жаахан наалдацгүй хэсэг байлаа. Хэт хөндий яриа, хэт албаны номлол. Багш охиныг ойлгох ёстой ч арай өөрөөр хийсэн бол гэж бодсон.
Охины бага насны хэсэгт хэт их гүйлт, хэт их хүчилсэн яриа байна уу даа гэж харагдсан. Мэдээж сайн ажиглавал ганц нэг план зөрсөн, жижиг хэрэглэлд хайнга хандсан гэх мэт зүйлс байгаа ч ерөнхийдөө маш сайн кино болсонг хэлэхэд таатай байна.
Танай хамт олонд баяр хүргэе! Улам олон сайн бүтээл хийгээрэй.
Үзэгч та бүхнийг ойрд нэг их холбоо барьж, дотно байж чадахгүй байгаа төрсөн ах, эгч, дүүгээ урьж энэхүү киног хамтдаа үзэхийг хүсч байна. Та бүхэн асар ихийг ойлгож, өөрчлөх болно шүү.
Нэмж сануулахад нулимсаа арчих юмтай очоорой.
Сэтгэгдэл (1)