Өвлийн олимп эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. “Пёнчан 2018” Олимпийн эрх авахаар цана, тэшүүр, биатлоны тамирчид олон улсын цуврал тэмцээнд оролцож байгаа. Оны сүүлчийн эрх авах тэмцээн болох АНУ-ын Юта мужийн Солт-Лэйк хотноо зохиогдсон тэшүүрийн дэлхийн IV дэх цомын аварга шалгаруулах тэмцээнд тэшүүрчин Я.Зоригтбаатар дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлаган дор өрсөлдсөн юм. Канад болон АНУ-д зохиогдсон Олимпийн эрх авах цуврал тэмцээнд амжилттай оролцож байгаа Я.Зоригтбаатар эрэгтэйчүүдийн 1000 метрт 1 минут 11.89 секундын амжилтыг үзүүлж, олимпийн эрх авахад 0,67 доль дутжээ. Ингэснээр тэшүүрийн тамирчид хараахан олимпийн эрх авч чадсангүй. Канадад болсон дэлхийн цомын тэмцээнд 500 метрт улсынхаа рекорд амжилтыг 36.33 секундээр шинэчлэн тогтоосон Я.Зоригтбаатарын хувьд “Пёнчан 2018” олимпийн эрхээс шүүрээд алдлаа гэсэн үг. Монголын тамирчдын хувьд олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүд хараахан дуусаагүй бөгөөд ирэх нэгдүгээр сард цуврал тэмцээнд оролцох боломж байгаа. Хамгийн гол нь зардал санхүүгийн асуудал хүндрэлтэй байгаа аж.