АНУ-ын Анахайм хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Анхцэцэг огцом өргөлтөөр хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад гурван эмэгтэй тамирчин өрсөлдөж байгаагаас М.Анхцэцэг жингийнхээ “А” хэсэгт өрсөлдөж, огцом өргөлтөөр 101 кг-ыг захиалаад 107 кг-ыг өргөж, медалийн болзол хангасан байна.
Тэрбээр эхний оролдлогоор 101 кг-ыг өргөж, удаах 106 кг-ыг алдаатай өргөсөн ч сүүлийн гурав дахь оролдлого 107 кг-ыг амжилттай өргөжээ. ийнхүү М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхлан Дэлхийн аваргын медальтан болсон тамирчин боллоо.
Манай баг тамирчдын салхийг 63 кг-д Г.Ануужин хагалсан бөгөөд тэрбээр жиндээ X байр эзэлжээ. Харин хүнд жингийн цөөн тамирчдын нэг Э.Билэгсайхан өнөөдөр 90 кг-д өрсөлдөнө. 2017 оны ДАШТ-д дээрх гурван тамирчнаас гадна шүүгчээр Олон улсын шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна.
Сэтгэгдэл (3)