Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Ёшиказед унажээ. Ингэснээр тэрбээр 10 даваа нэг унаатай боллоо.
Энэ барилдаанд Хакүхо аварга тачай хийхдээ "зэрэг боссонгүй" хэмээн бодоод барилдаанаа зогсооход шүүгч зогсоолгүй үргэлжлүүлж, улмаар Ёшиказе дэвжээний зах руу түрэн унагахад дэвжээний шүүгч Ёшиказед ялалт заажээ. Их аварга Хакүхо шүүгчид хандсан боловч шүүгч ялалтыг Ёшиказед өгсөн байна. Харин Хакүхо аварга дэвжээ рүү гаралгүй хэсэгхэн эсэргүүцэж зогссон ч тусыг эс олжээ.
Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн байдлаар башёг тэргүүлэгч 69 дэх Их аваргын араас өнөөдөр озэки Гойэдогоор ес дэх даваагаа авсан маэгашира Хокүтофүжи болон Окиноуми нар хоёр даваатай нэхэж байна.
Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн нар учраа тааран барилдаж Тамаваши давж 8 даваа гурван унаатай 50 хувийн амжилтаа хийсэн бол Араваши 7 даваа 4 унаатай болов. Харин Ичиножёо А.Ичинноров, Такаяасүд уналаа. Тэрбээр сүүлийн барилдаануудад дараалан 3 унаж, 7 даваа 4 унаатай боллоо.
Д.Өлзий
Сэтгэгдэл (4)